Нийслэлд хэрэгжиж буй зургаан дэд төвийн төслийг түшиглэн нийт 31 мянган айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Үүний эхлэл болгон өнөөдөр Баянхошуу дэд төвд орлогод нийцсэн, 330 айлын ногоон орон сууцны шавыг тавилаа. Төслийн хүрээнд 110 айлын дөрвөн блок, олон улсын стандартад нийцсэн орон сууцыг 1.6 га талбайд барих юм. Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү энэ талаар "Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE” стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчний хэрэглээг 20 хувь бууруулсан хэмээлээ.
Ташрамд, Баянхошуу дэд төв нь нийт 162 га буюу Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд одоогоор 2200 орчим өрхийн 8500 иргэн амьдарч буй. Цаашид дахин төлөвлөлтөөр 6500 орчим айлын орон сууц барьж, 53 мянган иргэн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 5.6 га талбайг чөлөөлж, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм. Дахин төлөвлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд нийт 250 орчим түр суурьшуулах орон сууцыг ашиглалтад оруулаад байна" хэмээн мэдээлэв.