Долдугаар сар хур бороо элбэгтэй эхэллээ. Цас, бороотой үед “таг” түгжирдэг, бага зэрэг усархаг бороо орвол зам шалбаагаар үерлэдэг “бичигдээгүй хууль” нийслэлд олон бий. Замуудад ус зайлуулах хоолой байхгүйгээс хашлагаа даван хальж, тогтсон ус, шавхайг иргэд дэвхрэг шиг үсчин туулах болсон танил дүр зургийг хэдэн зун дараалан харж буй ч юу ч өөрчлөгдсөнгүй.
Хотын төв хэсгээр явахад хэсэг хүн борооноос хоргодож саравчинд зогсож, зарим нь давах аргагүй тогтоол усыг хэрхэн гатлахучраа олох гэж тойрч алхана. Тэнд зогсож байгаа хэсэг хүний нэг “Борооны ус зайлуулах шугамаа олон болгоосой. Ирсэн жуулчид үүнийг хараад юу гэж бодож байгаа бол доо” гэж санаа зовнингуйхэлэв. Ийн ярилцаж байтал хэдэн залуу замын эсрэг талын төмөр хашаанаас зууран авирч ус гаталлаа. Нэгэн эмэгтэйн “уртын харайлт” амжилтгүй болж тогтоол усанд өвдөг хүртлээ гишгэчих нь тэр. Хажууд зогсох залуу дулаацахын тулд дороо алхаж, нэвт норсон гутлынхаа усыг шал пал дуугаргана. Ийм үед хүүхэд, хөгшид байтугай хэн бүхэн үүнийг сөрөх гэж “тэмцэнэ”. Хотын төвөөс гадна гэр хорооллын хэсэгт нүхэн жорлон хальснаас үүдэж халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй тул бороо их хэмжээгээр орсны дараа ариутгал, халдваргүйтэл хэрхэн хийх бол гэж бодоход хүргэв.
Бид хотын соёл гэж ярих дуртай. Харин энэ нь “ангид хүмүүсийн соёл” гэх утгыг илэрхийлэхгүй бөгөөд нийслэл хотдоо иргэд нь нэг дор хэрхэн эв зүйтэй, тав тухтай, бас дүрэмтэй амьдрах жишгийг хэлэх болов уу. Энэ жишгийг стандартаар баталгаажуулж, мөрдсөний дараа л хотын гудамжиндаа урсчихгүйхэн явах тухай бодохоо болих биз. Улаанбаатар хотод тулгамдсан түмэн асуудлын голлох шалтгаан нь стандарт мөрддөггүй байдал гэхэд буруудахгүй. Иймдээ ч жилийн дөрвөн улирал маань харшлын, утааны, үерийн гэх мэт тодотголтой болчихлоо.
Улаанбаатар хотод сүүлийн хэдэн өдөр дараалан тогтмол бороо орсноос шалтгаалж нийслэлийн зарим хэсэгт өчигдөр их хэмжээний ус тогтон, иргэдийг бухимдуулахад хүргэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Хотод их хэмжээний бороо орох бүрт авто зам усанд автдаг дүр зураг бол өнгөрсөн хугацаанд сэтгэлгүй, хариуцлагагүй хандаж ирсний үр дүн. Хотын даргын ажлыг авснаас хойш бороо орсны дараа их хэмжээний ус тогтох эрсдэлтэй 25 байршлын талаарх судалгааг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан. 2020 оноос хойш 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилуулав. Шинэ зам бүрээ ус зайлуулах шугамтай хийж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж ирсэн гэж бичсэн нь хотын өмнөх захирагч нараа хэлж байгаа юм бол өөрөө яагаад энэ байдлыг өөрчилж чадахгүй байгаабэ. Үнэхээр 25 байршлын 17-д нь ус зайлуулах шугам тавьсан бол өчигдрийн их устай бороонд ийм муу дүн авах байсан гэж үү.
NTV телевизийн мэдээний албаныхан өчигдөр үерлэсэн газруудад завьтай очиж сурвалжилга хийв. Энэ зуунд Улаанбаатар хот ус зайлуулах шугамгүйгээс болж усан тээвэртэй юм шиг дүр зураг нийгмийн сүлжээгээр тарлаа. Ус зайлуулах хоолой бол хотын батлагдсан олон стандартын л нэг.
Зун бороо, өвөл цас орох нь хэнд ч тодорхой. Гэтэл жилийн жилд ужиг асуудлуудаа дарга нар шийдээгүйгээс иргэд ярьж, дасал болсоор ирсэн нь харамсалтай. Зам, талбайд ус тогтохоос сэргийлж, түүнийг зориулалтын хоолойгоор урсгах ёстой.
Нийслэлийн авто замын хэдэн хувь нь ус зайлуулах шугамтай болохыг Геодез, усны барилга, байгууламжийн газар (ГУББГ)-ынхнаас тодруулахад “Ус зайлуулах хоолойгүй газар олон бий. Улаанбаатар хотод ашиглаж буй шугамуудыг1980-аад онд хийсэн учраас ашиглалтын хугацаа хэтэрсэн. Тиймээс лаг хуримтлагдаж, усаа удаашралтай татдаг. Бид одоо “Алтай” хотхонд ажиллаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Д.Сумъяабазар дарга болон ГУББГ-ынхны хэлж буй мэдээлэл зөрүүтэй байна. Тус газрын албан хаагчид Баянгол дүүргийн III хороо орчмын авто замын зорчих хэсэг, 20 дугаар хорооны Саппоро орчимд тогтсон нийт 120 тонн усыг өчигдөр соруулжээ. Түүнчлэн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын болон “Нарантуул” захын урд замд тогтсон усыг соруулсангэнэ. Уг нь соруулах биш, ус тогтоохгүй нөхцөлийг бүрдүүлэх учиртай сан.
Бэлтгэсэн: Д.Хүслэн