Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр тус холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Ойн түншлэл”-д Ази, Номхон далайн бүсээс багтсан эхний улс нь Монгол болсон юм. Үүний хүрээнд байгуулсан бодлогын дэмжлэг үзүүлэх багийн анхдугаар хурал өчигдөр болж, талууд “Замын зураг”-аа баталлаа. Тодруулбал, санамж бичгийн хүрээнд ямар зорилт тавин ажиллах, юу хийх вэ гэдэг зураглалаа гаргасан гэсэн үг. Үүнийг боловсруулах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлж, зургадугаар сард санал, зөвлөмжөө нэгтгэсэн юм байна.
“Ойн түншлэл”-ийн хүрээнд байгуулсан санамж бичгийн гол зорилго нь ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах, хамгаалах ажлыг дэмжих байдлаар ойд түшиглэсэн орлогын эх үүсвэр бий болгож, эдийн засгаа дэмжихэд чиглэж буй аж. Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, гадаадаас хөрөнгө оруулалт татах, цөлжилт, газрын доройтол бууруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл