Нийслэлийн ИТХ-ын XIX хуралдаан өчигдөр болж, хотын 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Улаанбаатар хотын энэ оны төсвийг анх батлахдаа нийт орлогыг 526.1 тэрбум төгрөг байхаар тусгасан. Тэгвэл тодотголоор эл дүнг 532 тэрбум төгрөг болгон нэмжээ. Тэр дундаа төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын орлогыг 334.8-аас 340.8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Харин татварын бус орлогыг 175-аас 170.5 тэрбум төгрөг болгон бууруулахаар тодотголд тусгажээ. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 255.9 тэрбум төгрөг байхаар нэмэлт, өөрчлөлт орууллаа. Эл дүнг өмнө нь 47.9 тэрбум төгрөгөөр баталж байв. Харин Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал анх 66.1 тэрбум төгрөг байсныг 65.6 болгон бууруулжээ. 2022- 2023 он дамжин санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн зардлын тухайд өөрчлөлт оруулаагүй, 233.9 тэрбум төгрөг хэвээр байхаар батлав. Нийслэлийн төсвөөс энэ онд улсынхад 593.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр өмнө нь баталж байв. Тэгвэл тодотголоор эл дүнг 370.2 тэрбум төгрөг болгон буурууллаа.
Тодотголын хүрээнд хөрөнгө оруулалтын хэд хэдэн арга хэмжээ, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх төслүүдийг хотын төсөвт нэмэлтээр тусгахаар болсон байна. Тухайлбал, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийг буулгаж, шинэчлэн барихад таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэг барихад 3.2, Бага тэнгэрийн ам, Туул голын дагуу амралт, зугаалгын цогцолбор тохижуулахад 2.4, “Цахим Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхэд тав, Сонгинохайрханы 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3.8 тэрбум зарцуулах зэрэг хөрөнгө оруулалтын 14 төслийг төсөвт нэмж тусгасан байна.
Ташрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хоёр байршилд давхар авто зогсоол барих төлөвлөгөөг нийслэлээс гаргасан нь иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байсан. Дээрх төслийг хэрэгжүүлэх, эсэхийг нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, ажил эхлүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Төслийг боловсруулахдаа дорвитой тооцоо судалгаа хийгээгүй, иргэдийн саналыг бүрэн сонсоогүй тул хойшлуулах нь зүйтэй гэж ИТХ-ын төлөөлөгчид үзжээ.
Бэлтгэсэн: М.Оч