Төв аймгийн Лүн сумд уржигдар хүчтэй салхи, дуу цахилгаантай борооны улмаас үер бууж, баруун аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатав. Тус сумын Өгөөмөр багийн Шахаатын ар, Худгийн ам гэх газар их хэмжээний үер буужээ. Сумын төв болон хуучнаар Атарын сангийн аж ахуйгаас Лүн хоорондох замын зорчих хэсэг усанд автсан байна. Байгалийн гэнэтийн үзэгдлээс болж гурван гэр, хоёр хашаа нуржээ. Тус сумын Засаг дарга С.Даваахүүгийн өгсөн мэдээллээр үерийн ус зайлуулах далангүйн улмаас их хэмжээний бороо орох бүрт энэ зам усанд автдаг гэнэ. 2022 оны улсын төсөвт ус зайлуулах далан барих хөрөнгө тусгуулахаар Барилга, хот байгуулалтын болон Сангийн яаманд саналаа өгсөн ч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу буцаажээ. Ирэх жилийн улсын төсөвт ч дээрх санхүүжилтийг тусгуулахаар саналаа уламжлаад буй аж.
Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээллээр ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн гэнэтийн үер, уснаас болгоомжлон, бэлэн байдлаа хангаарай.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн