Дүүжин гүүр гэж нэрлээд буй, төмөр татлагын дагуу гулсаж, тодорхой зам туулах үйлчилгээ нэмэгдсээр байна. Энэ үйлчилгээг голдуу хувь хүмүүс эрхэлдэг аж. Одоогоор нийслэлээс 50 гаруй км-т байдаг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул аймагт ийм гүүртэй болжээ. Уул, хавцал гэх зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрыг сонгож, өндөрлөг цэгүүдийн хооронд агаарт төмөр татлага байршуулж, хүмүүсийг бэхлээд, түүгээр гулсуулдаг. Адал явдал, эрсдэлт аялал, зугаалга сонирхдог хүн цөөнгүй бий. Тэдний эрэлт, хэрэгцээнд зориулж ийм үйлчилгээ санаачилж, эрхэлдэг байх. Гэхдээ энэ нь эрсдэлт нөхцөлд зорчих хөдөлгөөн тул аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Тиймээс дүүжин гүүрний зөвшөөрлийг хаанаас олгодог, стандарт бий юү, хэн, хэрхэн хянаж шалгадгийг тодруулсан юм. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид тухайн орон нутгийн захиргаанд хүсэлт өгч, зөвшөөрөл авдаг аж.
Юутай ч Тэрэлж дэх дүүжин гүүрийг байгуулсан “Extreme Mongolia” багийнхнаас лавлахад “Манайх үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Туршлагажсан. Бид бэхэлгээ шаардлага хангасан, эсэхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шалгуулдаг” гэсэн юм. Үүний дагуу бусад газарт, тухайлбал, дээр нэр дурдсан дөрвөн аймагт буй дүүжин гүүрнүүд аюулгүй байдлыг хангасан, эсэхийг тодруулахаар ОБЕГ-т хандав. Гэсэн ч эцэст нь тус байгууллагын чиг үүрэгт энэ төрлийн үйлчилгээ хамаардаггүй гэсэн хариу сонссон юм. Үндсэндээ гүүрнүүдийг анхаардаг, шалгадаг, аюулгүй байдлыг нь хангуулдаг төрийн байгууллага байдаггүй гэж ойлгов.
Одоогоор үйлчлүүлэгч хохирсон гэсэн мэдээлэл алга. Гэсэн ч татлагыг хаданд бэхэлдэг юм билээ. Хэдэн мянга, магадгүй сая жил нар, салхинд идэгдсэн хад чулуу хэврэгшсэн байхыг үгүйсгэхгүй, татлага тасарч магадгүй, үйлчлүүлэгчийг татлагад холбогч эд анги нь элэгдэж, хорогдсоноос болоод алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс аюулгүй байдлыг сайтар хангуулж, шаардах, хянах нь зайлшгүй. Харин чухам хэн, аль стандартыг баримталж шалгаж, шүүх вэ. Хариуцах эзэн байна уу.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл