Орон нутгийн нислэгийн давтамж цөөн, зардал өндөр зэрэг нь иргэд агаарын тээврээр үйлчлүүлэхээс татгалзах гол шалтгаан болдог байв. Тэгвэл МИАТ ТӨХК энэ сарын 1-нээс зах зээлийнхээс 2-2.5 дахин хямд үнээр нислэг үйлдэж эхэллээ.
МИАТ компани 2008 он хүртэл орон нутгийн тодорхой чиглэлүүдэд нислэг үйлдэж байсан бол “Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор энэ жилээс ийнхүү сэргээв. Тодруулбал, Ховд, Алтай, Даланзадгад, Өлгий, Улаангом, Улиастай, Мөрөн, Чойбалсан, Баянхонгор гэсэн есөн чиглэлд 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчигч тогтмол тээвэрлэх бөгөөд хуваарьт нислэгээ Улаанбаатар-Ховд чиглэлийнхээрнээлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр “Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд төлөвлөх, хот, хөдөөгийн тээвэр, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс тарифын хувьд авто тээвэртэй өрсөлдөхүйц, тогтмол нислэгийг орон нутаг руу үйлдэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Засгийн газраас орон нутгийн хуваарьт нислэгүүдийг сэргээх, тийзийн үнэ бууруулах асуудлыг судалсны үндсэн дээр тариф тогтоох, МИАТкомпанийн орон нутгийн нислэгийг сэргээх сонголт хийлээ. Цаашид уг үйл ажиллагааг дэмжин ажиллана” гэв.
Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахад зардал, татвар зэргийг багтаасан нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатайг нисэхийн салбарынхан хөндсөөр ирсэн. ИНЕГ-ындаргаЧ.Мөнхтуяа “Орон нутгийн нисэх буудлын болон агаарын тээврийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх боломж бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгоно” гэж байв. Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гарагт “Орон нутгийн нисэх онгоцны буудлууд зорчигч багатай байдаг. Харин онгоцны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлснээр нэгж суудалд ногдох нислэгийн зардлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ.
МИАТТӨХК-ийн ахмад нисгэгч, Хөдөлмөрийн баатар Р.Батнасан “Найман аймгийн туршилтын нислэгт ахмад нисгэгчийн хувиар явахад тун таалагдсан. Хамгийн гол нь түргэн шуурхай юм билээ. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэхэд иргэдийноролцоочухал” гэв. 15 жилийн дараа сэргээж буй нислэгээр Улаанбаатар-Ховд чиглэлд зорчигч О.Ижиймаа “Нутагтаа амрах гээд явж байна. Тийзийн үнийг хямдруулснаар орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэнэ. Ийм боломж бүрдүүлсэнд маш ихбаяртай байна” гэсэн юм. Монголчууд ийнхүү улс дотроо хямд үнээр, түргэн шуурхай зорчих эхлэл тавигдлаа.
Бэлтгэсэн: Д.Хүслэн