Жил жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний тасалбарын борлуулалт шүүмжлэл дагуулдаг жишиг манайд хэдийн тогтжээ. Баяр наадмын нээлтийн тасалбарыг авахаар хонон өнжин дугаарладаг байсан цаг ч саяхан. Энэ жилийн тухайд нийслэлийн удирдлага, Баяр наадам зохион байгуулах комиссынхон тасалбарыг цахимаар борлуулж, хүн бүрт шударга үйлчилнэ, дамлахгүй гэж нэлээд хэд хоног пиар хийсэн. Ярьсан ёсоор нь энэ сарын 1-нээс тасалбарыг цахимаар буюу enaadam. mn сайтаар борлуулж эхэлсэн ч 15-хан минутын дотор дууссан гэнэ. Тасалбар авахаас өмнө иргэд урьдчилан бүртгэл үүсгэж, утасны дугаар, гэрийн хаягааоруулсан байх шаардлага тавьсан. Түүнчлэн долдугаар сарын 11, 12-ны тасалбарыг тус тусад нь борлуулсан бөгөөд нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хоёр ширхэг буюу хоёр өдрийн тасалбараас нийт дөрвийг авах боломжтой гэжбайв.
Ийнхүү иргэдийг бүртгэл үүсгэж, суудлаа сонгох гэж мунгинах зуурт бүх тасалбар нь дуусаж, “алга болжээ”. Мөн захиалга эхлэх үеэр цахим хуудас нь гацаж, ажиллагаагүй болсон тохиолдол ч гарсан юм. Засгийн газраас “Дижитал үндэстэн” болно гэж байнга пиар хийдэг ч цахим системүүд нь нэг удаагийн бүртгэлийн ачааллыг ч дааж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор иргэд “Наадмын тасалбар 15 минутад зарагдаад дууслаа. Түгжигдсэн 100 гаруй суудал чбайна. Сүүдрэвчтэй суудал нь сайт нээгдэхэд л дуусчихсан. Ганц, хоёр суудал үлдсэн мэт харагдах боловч захиалах гэхээр хэдийн хүн авчихсан гэх. Жил бүр л ийм байдал давтагдах юм” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсээр байна. Тэгвэл цахим орчинд иргэд наадмын тасалбарыг хэдийн хэт өндөр үнээр дамлан борлуулаад эхэлжээ.