Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж.
БОАЖЯ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжилтийг сайжруулах зорилгоор өмнөд хөршийн Ой, бэлчээрийн газартай “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай санамж бичиг байгуулсан. Судлаачид үүний хүрээнд байгуулахаар төлөвлөөд буй “Монгол, Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв”-ийн байршил тогтоох, мониторингийн цэг тодорхойлох зэрэг суурь судалгаа хийхээр ирсэн юм байна. Хамтарсан судалгааны багийн ажиллах хөтөлбөр, чиглэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн тус улсын судлаачидтай хамтран боловсруулжээ.