УДЭТ-ын өмнөх талбайг бусниулах шахсанаа түр зогсов. Энэ тухай бүгд мэдсэн тул олныг нурших илүүц биз ээ. Тэнд хагас дутуу босгосон гурван байгууламжийн голынхыг өчигдөр үд дунд нурааж, талбайг тэгшилсэн. Үүнээс өмнөхөн тус театрын захирал Д.Цэрэнсамбуутай холбогдож хаанахын хүмүүс юу барих гэж байгааг асуусан юм. Тэрбээр “Нийслэлийн Хот тохижилтын газрынхнаас асуугаарай. Бид мэдэхгүй. Юу ч хэлээгүй. Хог, цас, мөсийг нь цэвэрлэх болохоор манайх болдог, бусад цагт нийслэлийн өмчид хамаардаг талбай даа. Энд юу байгуулах нь театрт хамаагүй юм шиг байна лээ” гэв. Улсын төв театрын өмнөх талбайд ямар утга, зориулалт, хийц, загвартай байгууламж барих нь театрт хамаардаггүй “ёс” манай улсад л үйлчилдэг гэлтэй.
Дээрх байгууламжид 900 гаруй сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь мөн олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тиймээс БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн шаардлагын дагуу тохижилтын ажлын төсвийг гаргасан П.Уянгаатай холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Төсвийг зургийн дагуу гаргасан. Гэтэл одоо анхны санаа, зургаас тэс өөр зүйл хийгээд байгаа бололтой. Театрын үүдний багануудын дээд талд морьдын гоё сийлбэр байдаг юм. Түүнээс улбаатай тун зохистой зохиомжийг талбайд урлана гэж байсан шүү дээ. Гэтэл сүүлдээ цэцгийн мандал болчихов уу” гэлээ.
Нийслэлийн хот тохижилтын газрынхан ийм нэгэн үл бүтэх ажилд зөвшөөрөл олгосон байжээ. Олны шаардлагаар юутай ч ажлыг үргэлжлүүлэхээ түр азнав бололтой. Үйл явдал хэрхэн өрнөхийг харъя. Өнгөрсөн хавар Төрийн ордны хашааг ногооноор будсаныг иргэдийн шүүмжилсний дагуу өөрчилсөн. Үүнтэй агаар нэгэн түүх давтагдав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан дахь, нийслэлийн өнгө төрх, донж, маягийг холбогдох дүрэм, журмын дагуу тогтоон барих үүрэгтэй газар, хэлтэс, албан тушаалтнууд яагаад ийм явуургүй төслийг тендерт ялуулж, эрх олгов. Нийслэлийн Засаг дарга тэр хүмүүст хариуцлага тооцов уу, хариу өгнө үү.