Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт үргэлжилж байна. Уулын дугуйн кросс, марафон ангиллын уралдаан, мөн сагсан бөмбөгийн 3х3, хүндийн өргөлт, шатар, байт харваа, буудлагын тэмцээний шилдгүүд тодорчээ. Дугуйн тэмцээнд 60 тамирчин хурд сорьсноос хөвгүүдийн кросс ангилалд Э.Сайханбилэг (Хан-Уул дүүрэг), марафондО.Анар (Сүхбаатар аймаг) нар түрүүлэв. Эмэгтэйчүүдээс Н.Энхжин хоёр ангилалд (Баянгол дүүрэг) аварга болж, шагналын тавцанд зогссон юм. Хүндийг өргөлтийн тэмцээнд найман аймаг, есөн дүүргийн 140 гаруй туйванч хүч сорьжээ. Энэ удаа Өвөрхангай аймгийнхан долоон алтан медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүлж, Хөвсгөл, Баянзүрх дүүргийнхэн тус бүр гурван алтан медальтай II, III байр эзэлсэн байна.
Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрөлд хөвгүүдийн 24, охидын 20 багийнхан өрсөлдсөн. Хөвгүүдийн багаас Говьсүмбэр, охидынхоос Орхон аймгийн тоглогчид алтан медальтай нутаг буцлаа. Шатрын тэмцээнд 20 аймаг, нийслэлийн долоон дүүргээс шалгарсан 54 тамирчин 11-12 насны хөвгүүд, охидын ангилалд оюунаа уралдуулав. Хөвгүүдээс Б.Агьбат (Сүхбаатар дүүрэг), охидоос Н.Содгэрэлт (Баянзүрх дүүрэг) тэргүүллээ. Байт харвааны тэмцээний эрэгтэйчүүдийн багийн төрөлд Дархан-Уул, эмэгтэйчүүдийнхэд Орхон аймгийнхан түрүүлжээ. Буудлагын тэмцээнд 15 байгууллагын өсвөр үеийн 62 тамирчин онч сорьсноос Сэлэнгэ аймгийн баг түрүүлж, Сүхбаатар дүүргийнхэн удаалан, СонгинохайрханыханIII байрт шалгарлаа. Тус наадмаас Сүхбаатар дүүргийнхэн 52, Хан-Уул дүүргийнхэн 49, Баянзүрх дүүргийнхэн 48 медаль хүртэж одоогоор эхний гурван байрт жагсаж байна.