Улаанбаатар хотын төв цэгээс 3-4 км-ийн зайд орон сууцууд дунд дахин боловсруулах хог хаягдал хүлээн авдаг чингэлэг байна. Тэнд байрлуулах шаардлага гарсан гэхэд цэвэр цэмцгэр байлгаж болмоор шиг. Гадна талд нь их хэмжээний лааз, хуванцар хөглөрч, чингэлгийн хана руу угаадас, бохир асгаснаас таагүй үнэр хан хийнэ. Бас болоогүй согтуу хөлчүү хүмүүс холхин, бага хэмжээний хогийн цэг үүсгэжээ. Гэтэл чингэлгийн хажууханд хүнсний дэлгүүр, орон сууц, сүүдрэвч зэрэгтэй бөгөөд хүүхдүүд тоглож гүйлдэнэ. Ер нь тэр хавийн орон сууцуудын фасадны будаг арилж, ховхорсон, орцных нь шат эмтэрч, элэгдээд муухай харагдах болжээ. Энэ бол бидний нэрлэж заншсанаар “ТБД андууд” худалдааны төвийн ард буюу Баянгол дүүргийн XXXIII хорооны нутагт гэсэн үг.
Дээрх чингэлгийн ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч “Манай энэ хавь хог шороо ихтэй, нэлээд бохир газар. Явган хүний замын хавтангууд суларч, сугараад, явахад ч хэцүү болсон байгаа биз. Бас лааз, хуванцар худалдан авдаг чингэлэг байрлуулснаас хогийн цэг үүсэн, архичид цуглаж байна. Дулаарахаар хог үнэртэн, энэ хавийг улам бүр л муухай болгох юм. Хотын төв шахам газарт ийм цэг байгуулах нь зөв үү, бүү мэд” хэмээн ярив. Ер нь тухайн орчны орон сууц, хүнсний дэлгүүр, гуанз зэрэг нь өнгө үзэмжгүй, хог хаягдал ихтэй аж. Хогоо хэрхэн цэвэрлэдэг, орон сууц, барилга байшингийн өнгө үзэмжийг сайжруулахад ямар арга хэмжээ авч буйг нь XXXIII хорооныхноос тодруулахад “Мэдээлэл өгөх хүн нь алга. Орон сууцуудын гадна фасад, өнгө үзэмжийн асуудлыг Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) хариуцдаг. СӨХ-д оршин суугчидтайгаа зөвлөлдөн мөнгө хуримтлуулах байдлаар л шийднэ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Дээрх дүүргийн II хороо бол “цоорхой” барилгуудтай, ноорхой хотын “томоохон төлөөлөл” гэхэд болно. Энэ нь “Төмөр замын шар байшин”-гууд буюу ашиглалтын хугацаа нь дуусан, дахин төлөвлөлтөд оруулах орон сууцууд олон байдагтай холбоотой. Эдгээрээс гадна баригдаад 10-аадхан жил болсон орон сууцууд ч өнгө үзэмжгүй болж орчин тойрноо бохир харагдуулж байна. Тодруулбал, тус хороонд байрлалтай 59 дүгээр байранд дөрвөн жилийн өмнө галгарсны улмаас гадна фасад нь ховхорсон бөгөөд тэр хэсэг нь нурах ч магадлалтай харагдана. Өнгө үзэмжтэй харагдах нь бүү хэл, аюулгүй байдлын шаардлага хангахад ч хэцүү болсон хэрэг. Түүнчлэн тэр хавийн орон сууцын зарим орцныхоо үүдэнд амбаар маягийн зүйл барьсан бол (амбаар барьж жавар хаасан гэв) зарим орцных нь хаалга салж унан, гаднаа хог овоолжээ. Явган хүнийзам, тоглоомын талбайн асфальтын дийлэнх нь ховхорч, сул шороо бужигнах аж. Мөн орон сууцтай залгуулаад оёдлын цех, хүнсний дэлгүүр зэргийг барьж, цонхоо хаалга болгосон нь цөөнгүй. Энэ талаар болон шатсан байрны фасадыг хэзээ засаж сэлбэхийг II хорооны Засаг дарга Б.Амартогтохоос тодрууллаа. Тэрбээр “Улсаас дахин төлөвлөлтөд оруулсан 24 байршлын нэг нь манай хороонд бий. Үүнийг 10 жилийн өмнө буюу 2013 онд шийдэж, ашиглалтын хугацаа дууссан орон сууцуудыг нурааж шинээр барихаар болсон.
Одоогоор нэг л байшин барьж буй бөгөөд ажил нь удааширсан. Хэзээ дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг мэдэхгүй, бид бүгд л хүлээж байна. Тендер зарлаад компаниуд сонирхохгүй, ажил гүйцэтгэгч олдохгүй байгаа гэж ойлгодог” гэсэн юм. Харин дахин төлөвлөлтөд оруулахгүй, бусад орон сууц, байшингийн өнгө үзэмж, орчны цэвэрлэгээ үйлчилгээ, бүрэн бүтэн байдлын талаар Б.Амартогтох “Манай хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд ердөө гурван үйлчлэгч ажилладаг. Өглөө яаж ч цэвэрлээд үд гэхэд хог нь ихэсдэг. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, зарим барилгын фасадыг засах санхүүжилтийг төсвөөс нэг удаа олгох журам бий. Гэсэн ч төсвийн хэмнэлтийн бодлогын улмаас энэ онд манайд ямар ч төсөв хөрөнгө хуваарилаагүй. Тиймээс ч 59 дүгээр байрны фасадыг засаж чадахгүй байна. Хогийн бункергүй орон сууц олон байдгаас гадна талбайдаа ийнхүү хогоо овоолдог. Дахин төлөвлөлтийг эхлүүлж байж л байдал сайжрах болов уу” гэлээ. Харин 59 дүгээр байрны оршин суугч Ч.Отгон “Манай байрны фасадыг засахад багагүй хөрөнгө шаардлагатай гэсэн. Оршин суугчдаас мөнгө хуримтлуулах санаачилга гаргасан ч дэмжигдээгүй. Мөн энэ хавийн дийлэнх барилга өнгө үзэмж муутай, гадаад орчны бохирдол ихтэй. СӨХ-д нь олигтой ажилладаггүй, иргэд ч санаачилга гаргадаггүй учраас ийм байдалд хүрсэн байх” гэж ярив.
Ер нь Баянгол дүүргийн нутаг, III, IV дүгээр хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар, “ТБД андууд” дэлгүүр хүрэх 2-3 км дотор л хот төлөвлөлтийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс барьсан гэмээр орон сууц, барилга олон. Нэмээд тухайн барилга, орон сууцаа арчилж торддоггүй, үзэмжийг нь сайжруулахгүй байгаа нь илт. Тодруулбал, дийлэнх орон сууц нь өөр хоорондоо маш бага зайтай, автомашин байтугай хүн зөрөх боломжгүй шахам. Борооны ус зайлуулагчгүйгээс хаа сайгүй тогтоол үүсэн, иргэд орцныхоо үүдэнд тунасан усанд банз тавиад гаталж байлаа. Дээрх дүүргийн XIX хорооны иргэн Ч.Амарбат “Хорооллын орон сууцууд баригдаад удсан учраас өнгө үзэмж нь муудахын зэрэгцээ дулааны алдагдал ч ихтэй байдаг. Мөн бага талбайд хэт олон барилга шахаж барьснаас орчны тохижилт алдагдан, иргэд амьдрахад тааламжгүй болсон. СӨХ ажилладаг ч орон сууцын гадна фасад, нийтийн эзэмшлийн талбайг ямар хөрөнгөөрөө засаж сэлбэх билээ. Уг нь хотын стандарт, чанарын шаардлага гэж баймаар л юм. Энэ талаар анхаарч, арга хэмжээ авч байгаа хүн ч алга” гэсэн юм. Тэгвэл “Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Галбаатар “СӨХ-д гадна талбайгаа тохижуулж, орон сууцын өнгө үзэмжид анхаарах нь бүү хэл, цэвэрлэгээ, үйлчилгээний зардлаа ч олоход хүнд байдаг. Уг нь тухайн орон сууцын фасад, орцны шат, явган хүний зам талбайг засах зардлыг төрөөс нэг удаа гаргах журам бий. Зарим хэсэгт зам, талбай засаж буй ч төсөв хөрөнгө муутайгаас зөвхөн барилгын дулаалгыг л төрөөс хийж байна. Орон сууц, хотхоны иргэд нийлж, СӨХ-тойгоо хамтран гадна талбайгаа тохижуулж, цэвэр цэмцгэр орчныг бий болгож хэвших сэн. Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй харагдуулахад иргэдийн оролцоо их хэрэгтэй байна” гэсэн юм.
Дээр дурдсанчлан дахин төлөвлөлтөд оруулах ажил удаашралтай байгаа нь барилгын компаниуд эхлээд хөрөнгө гаргахтай холбоотой гэнэ. Тодруулбал, тухайн компани, иргэд, төсөл гүйцэтгүүлэх төрийн байгууллага хоорондоо зөвшилцөн бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Зөвшилцөлд хүрвэл орон сууц шинээр бариад хуучин оршин суугчдыг оруулж, илүү гарсныг нь борлуулан төслийнхөө ашгийг олох юм билээ. “Төмөр замын шар байшин”-гууд бүхий талбайд нэлээд олон айлын орон сууц ашиглалтад оруулж байж ашиг гарах учраас сонирхох аж ахуйн нэгж цөөн, зөвшилцөж чадахгүй байгааг ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээллээ.