НҮБ-ын Монгол Улс дахь нийгэмлэг, БОАЖЯ, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнд хамрагдсан 12-16 насны сурагчид байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг онол, практикийн түвшинд судалж таван багт хуваагдан, бичил төсөл хэрэгжүүлсэн байна. “Дусал дуслаар” багийнхан Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн, 500 гаруй хүн ашигладаг худгийн усыг шинжилж, ариутгаснаас гадна 75 иргэнд усны бохирдлын талаар хичээл заажээ. “Цахим цэвэрлэгээ” багийн сурагчид электрон хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллаж, хүлэмжийн хийг 1.7 кг-аар бууруулахуйц хэмжээний хаягдал устгуулсан бол “Ногоон гар”-ынхан гар аргаар бэлтгэсэн бордоогоороо “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн моддыг тордож, цөлжилтийн сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Харин “Clean path eco soul”-ын хүүхдүүд хог хаягдлын талаар сургалт явуулж, дахивраар бүтээгдэхүүн хийсэн бол CNC багийнхан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө, уршгийг ойлгуулах зорилгоор хөлөгт тоглоом зохион бүтээсэн аж.