БОАЖ-ын сайд А/155 дугаар тушаалаараа ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг шинэчлэн баталжээ. Өмнөх журмаар хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1 хүртэлх хугацаанд түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн бол шинэчилсэнд нь эл үйл ажиллагааг аравдугаар сарын 20-ноос эхлүүлэхээр заасан байна. Тодруулбал, самар түүж эхлэх хугацааг нэг сараар хойшлуулсан аж. Жимс, мөөгийг бүрэн боловсорсных нь дараа буюу 7-9, модны давирхайг 5-10, хусны шүүсийг тавдугаар сарын 1-20-нд бэлтгэхийг зөвшөөрчээ. Иргэд ойн дагалт баялаг түүж, бэлтгэхдээ харьяа газрынхаа байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах ёстой ч үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Харин шинэ журамд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ойн анги, цагдаагийн байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг ойн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Иргэдийн нэг удаа самар, жимс бэлтгэх дээд хэмжээг 50 кг-аар тогтоосон байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл