“Битлз”-ийн талбайд гудамжны хоол худалддаг болсон билээ. Аль ч улсад байдаг, соёл болтлоо дэлгэрсэн эл үйлчилгээг нийслэлээс нэвтрүүлснийг олзуурхдаг. Орчин тойрных нь айлууд эхэн үедээ “Үргэлж хоол үнэртээд хэцүү” гэдэг байсан. Харин сүүлийн үед үүнийг ойлгож хүлээн авах болжээ. Тус талбайд оройдоо хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд заримдаа “амьд” хөгжмийн тоглолт зохион байгуулдаг аж. Гэхдээ хоолны үйлчилгээг дагаад тэндхийн хог хаягдал эрс ихэссэнийг иргэд шүүмжилж байна. Тиймээс тэнд үйлчилгээ эрхэлдэг залуус санаачилгаараа нэгдэн, орчноо цэвэрлэжээ. Энэ тухай сонссон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар фэйсбүүк хуудсандаа “Баярлалаа залуус аа. Street food үйлчилгээ эрхэлдэг залуус орчноо угааж цэвэрлэжээ. Зөв хандлагатай, үйлдлээрээ бусдыг уриалсан та нараар бахархаж байна. Өөрөө гудамжинд хог чулуудчихаад, бусдыг цэвэрлэсэнгүй гэж шаарддаг цаг үе өөрчлөгдөж байна. Улаанбаатар хот ямар өнгө төрхтэй байхыг бид хамтдаа шийднэ” гэж бичжээ.
Үүнийг юу гэж ойлгох вэ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид цаашид байнга цэвэрлэх ёстой болов уу. Хотын мээр “Үйлдлээрээ бусдыг уриалж байгаа та нараар бахархаж байна” хэмээн онгироох аятай магтжээ. Цаасан малгай өмсгөх гэдэг дээ. Хэдий болтол иргэд байсхийгээд нэгдэн, энд тэндхийн хог, бохиртой “ноцолдох” вэ. Улаанбаатар хот ямар өнгө төрхтэй байхыг тэнд хоол хийж худалддаг залуус шиг түр зуурын үйлчилгээ эрхлэгчид хариуцах ёсгүй. Харин хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн байгууллагууд болон тэднийг хариуцагч Захирагчийн ажлын алба л шийдэх ёстой бөлгөө.
Хотын соёлд олныг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ багтдаг. Олон нийт бужигнаад тарахтай зэрэгцээд тухайн орчныг цэвэрлэж, засаж сэлбэх баг бүрэлдэхүүн ажиллахыг тусгасан аргачлал, менежмент, дүрэм, журмыг мөрддөг жишигтэй. Гудамжны хоолны үйлчилгээ ч хотын соёлын нэг хэсэг. Тиймээс орчны цэвэрлэгээг хот өөрөө хариуцах ёстой. Хуурай магтах, хөөргөх, уриалах, өрөвдүүлэх зэрэг арга нь хэдийн ард хоцорсон билээ.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл