Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулсан, Парисын олимпын наадмын оноо олгох “Ulaanbaatar grand slam 2023” жүдо бөхийн тэмцээн “Степпе арена”-д өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн цувралд Монголын 54 тамирчин (эрэгтэй 28, эмэгтэй 26) 44 орны 345 жүдочтой хүч сорив. Эхний өдрийн барилдаанд манайхаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хоёр бөх медалийн салхи хагалсан юм. Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Казахстаны Гусман Киргизбаевыг ялж, шилдэг наймд шалгарав. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Азербайжаны Яшар Нажаповыг буулган авч, хагас шигшээд Японы Тайко Фүжисакийг торгуулиар илүүрхсэн. Алтан медалийн төлөөх барилдаанд Тажикистаны тамирчин Обид Жебовыг торгуулиар хожиж аваргаар тодорлоо. Ё.Басхүү өнгөрсөн жил болсон “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөө “Алдар” спорт хороо, “Хангай” констракшны тамирчин Б.Эрхэмбаяр Японы бөх Т.Фүжисакийг ялж шагналын тавцанд зогслоо. Хоёр дахь өдрийн барилдаанд Монголын багийн амжилтын буухиаг 73 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Эрдэнэбаяр үргэлжлүүлж, Тажикистаны Бехрузи Хожазодаг ялснаар хоёр дахь хүрэл медалийг авчрав. Сүүлчийн өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд Олон улсын жүдо бөхийн нэрийн өмнөөс өрсөлдсөн ОХУ-ын А.Адамян, аваргын төлөө Гүржийн бөх Варлам Липартелианийг цэвэр ялж, “Их дуулга”-д анх удаа түрүүлэн Төрийн дууллаа эгшиглүүллээ. +100 кг-д О.Цэцэнцэнгэл Азербайжаны бөх Ушанги Кокаурийг ялж, Монголын жүдочдоос дөрөв дэх хүрэл медалийг зүүсэн юм. Эмэгтэйчүүдээс +78 кг-д Д.Номинзул нутаг нэгт хүчтэй өрсөлдөгч болох А.Адьяасүрэнг торгуулиар ялж хүрэл медалийн эзэн болов. Манайхан энэ удаагийн “Их дуулга”-ыг хоёр алт, дөрвөн хүрэл медальтай өндөрлүүллээ.