Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх барилгаас 31 нь байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй, 18 нь онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй, 48 нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа, 10 нь барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар “Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй. Ийм байгууллагуудыг торгодог, барилгыг нь нураадаг хууль, эрх зүйн хатуу зохицуулалт шаардлагатай байна” гэдгийг анхааруулж байна. Холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг албадан буулгах арга хэмжээний талаар зохих хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.