Монголын шатрын холбооноос Азербайжаны нийслэл Бакуд ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24-нд болох шатрын “Дэлхийн цом 2023” тэмцээнд оролцох тамирчдыг тодруулахаар сонгон шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд зохион байгууллаа. Бид өмнө нь дээрх тэмцээнд эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа, үндэсний шигшээ баг, “Кайсса” клубийн тамирчин, их мастер Т.Мөнхзул нар өрсөлдөхөөр шалгарсныг мэдээлсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд ур чадвараа сорьсон шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин түрүүллээ. “Гэгээн арвай” клубээр овоглодог тэрбээр эрхийн төлөөх тойргийн тоглолтод их мастер Б.Гүндаваа, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ нарыг илүүрхэн хожиж, Бакуд хөл тавих дэлхийн шилдгүүдтэй хөлөг дээр анх удаа гар зөрүүлэх нь.