Хүүхдийн тоглоомын талбай нийслэлд хэд байдаг вэ, хүрэлцээтэй юү, стандартын шаардлага хангасан уу, чөлөөтэй гүйж, харайх орон зай бий юү. Энэ асуултад хариулт хайлаа. Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагад тусгаснаар олноороо суудаг савлуур болон хоёр талдаа бэхэлгээгүй авирдаг олс зэргийг хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн, суурилуулахыг хориглодог аж.
Баянзүрх дүүрэг дэх “Чингис хаан” зочид буудлын зүүн талын тоглоомын талбайн савлуурын гагнаас салж, гулсуурын доод хэсэг нь мултран унасан байв. Тус дүүргийн 43 дугаар хороон дахь тоглоомын талбайн савлуурын боолт нь суларч, гагнуур нь салчихаж. Тогтооч нь тасарсан савлуурыг оршин суугчид даавуун уяагаар торгоосон байхтай ч таарлаа. Олсон уяа нь хуучирч, салбарсан байх агаад хэдхэн утсан дээр л тогтож харагдана. Тоглоомын талбайд хориглосон цементэн суурь дээр хүүхэд унаж, бэртэх нь хэвийн үзэгдэл болжээ. Баянгол дүүргийн 15 дугаар хороон дахь 31, 23Б байрны тоглоомын талбайг “төмрөн овоо” гэж хэлэхэд болмоор санагдав. Тус талбайг машины замаас тусгаарласан хашааны ирмэг нь жадны үзүүр мэт хурц, 15-20 см өндөртэй. Үнэндээ энэ хашаа байхгүй бол хүүхдэд аюулгүй байлтай. Савлуурын суудал нь хугарч, төмөр үзүүр ёрдойжээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны сагсанбөмбөгийн талбайн унах дөхсөн хашлагыг төмөр утсаар ороон тогтоож, үзүүрийг нь даралгүй орхичихож. Тэнд гүйж явсан хүүхэд түүнийг нь анзааралгүй шилбээ урж, цусаа алгаараа арччихаад цааш одлоо.
Гэр хорооллын бүсэд тоглоомын талбайн нөхцөл байдал ямар байдгийг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд орших Улаанчулуутын хогийн цэг орчимд очив. Тус дүүргийн хэмжээнд 107 тоглоомын талбай байдаг аж. Харин Сонгинохайрханд 0-14 хүртэлх насны 113 мянган хүүхэдтэй гэнэ. Энэ нь нэг тоглоомын талбайд 1056 гаруй хүүхэд ногдоно гэсэн үг. Хотын төвөөс 57 дугаар чиглэлийн автобусаар 20 орчим буудал газар явж зорьсон газраа хүрсэн нь энэ. Банз нь сугарч, хэзээ мөдгүй ойчих дөхсөн хашаатай айлууд нь гаднаа төмөр, хуванцар овоолсон үзэгдэнэ. Аюулгүй, цэвэрхэн тоглоомын талбай харна хэмээн найдаагүй ч арай ч тийм нөхцөл угтана хэмээн бодсонгүй. Тоглоомын талбай байтугай хүүхдүүд цугларах ч газар үгүй аж.
Улаанчулуутын автобусны буудлаас холгүйхэн орших 262 дугаар цэцэрлэгийг зорилоо. Дотогш орж, энэ хавьд тоглоомын талбай байдаг, эсэхийг асуухад “Байхгүй ээ, хүүхдүүд хашаа хашаандаа л тоглодог. Хааяа манай цэцэрлэгийн үүдэнд тоглоцгоодог юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах тушаалыг өнгөрсөн жил гаргасан. Манайх 150 хүүхдийг л хүлээн авах зориулалттай ч 260-ыг хамруулсан. Хороонд өөр цэцэрлэггүй учраас өөр арга байсангүй” гэв.
“ХАШААН ДОТРОО Л ХОРЬЖ БАЙНА”
Автобусны буудал чиглэн явах эмэгтэй “Энэ хавьд тоглох газар байхгүй шүү дээ. Хороондоо санал тавиад л байгаа. Хүүхдүүдээ хотын төв рүү авч явж тоглуулдаг. 262 дугаар цэцэрлэгийн талбайд хүүхдүүд тоглодог байсан ч сургууль амрангуут хаалгаа түгжчихсэн. Хэдэн гудамжны цаана сагсан бөмбөгийн талбай бий. Тэр сагсны талбайг хорооны хэсгийн ахлагч нар хийсэн. Энүүхэнд шинээр барьсан цэцэрлэгийн талбайд орой үдэш тоглуулах гэхээр манаач нар нь хөөгөөд байдаг юм. Хүүхдүүдээ хашаан дотроо л хорьж байна. Гадуур гарахдаа хүүхдээ дагуулж явахгүй бол зэрлэг нохой, согтуу хүн ихтэй. Сургалт, дамжаанд явуулъя гэхээр 21 дүгээр хороолол орох шаардлагатай болдог” гэв. Тус хорооны удирдлагаас хүүхдэд зориулсантав тухтай орчин бүрдүүлэхээр юу хийж байгаа талаар лавлахад “Сагсан бөмбөгийн талбай барих саналаа дээд шатны байгууллагадаа өгсөн. Манайх анхан шатны байгууллага тул санал оруулахаас өөр хийж чадах ажил, төсөв байхгүй” гэв.
Хорооны байрнаас холгүйхэн орших 253 дугаар цэцэрлэгийн талбайд хэсэг хүүхэд тоглож байв. Тэд гурав, дөрөвдүгээр ангийнх аж. Гэр нь тэндээс зайтай ч тоглох газар байхгүй тул зорьж ирдэг юм байна. Дөрөвдүгээр ангийн сурагч хүү “Хөлбөмбөгийн дэлхийн аварга болох мөрөөдөлтэй ч бэлтгэл хийх газар олддоггүй. Хааяа найзынхаа бөмбөгийг гуйгаад 152 дугаар сургуулийн хашаанд тоглодог юм. Хүүхдийн парк орж үзээгүй ч зурагтаар харахад гоё юм билээ. Тийшээ очиж үзмээр байгаа ч гэрээс хол болохоор явж чаддаггүй” гэж ярилаа.
ХОГООР ДҮҮРСЭН ЖАЛГАНД ШОРОО БУУЛГАЖ, ТЭГШЛЭЭД САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг дарга М.Сампилноров “Өнгөрсөн жил 3x3 сагсан бөмбөгийн талбайг хорооны ажилтнууд нэг өдрийн цалингаа цуглуулан, хогоор дүүрсэн жалгыг цэвэрлэн, 80 машин шороо буулгаж, хөрсийг нь тэгшлээд барьсан юм. Хүүхдүүд намар тоглож байгаад самбарыг нь хагалчихсан байна лээ. Өнгөрсөн жилээс нийслэлийн Засаг даргын захирамжаар сагсан бөмбөгийн талбай дахиад барьж байгаа. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргаад, шийдэж буй болохоор стандарт, шаардлага хангасан талбайтай болно гэж найдаж байна. Манайд цэцэрлэгийн насны 1000 хүүхэд байгаа ч 2019 оноос л гурван цэцэрлэгтэй болсон” гэв. 26 дугаар хороонд 0-14 насны 3748 хүүхэд байдаг юм байна.
Барилга, орон сууцыг оршин суугчид нь хүлээн авснаас хойш баталгаат хугацааны гурван жил дуусахад тоглоомын талбайг тухайн газрыг эзэмшигч буюу иргэд, СӨХ хариуцах үүрэгтэй гэнэ. Шинэхэн барилгуудын будагны үнэр нь арилаагүй байхад тоглоомын талбай нь нурахдаа тулчихсан байгаа нь олон аж. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газрын мэргэжилтэн Э.Гэрэлт-Одоос хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хэн хяналт тавих ёстой талаар тодруулахад “2020 оноос бүх дүүргийн төрийн албан хаагчдад “Стандарт хэмжээ, аюулгүй байдал” арга зүйн зөвлөмж, сургалт зохион байгуулсан. Тоглоомын талбайг иргэн, аж ахуйн нэгжүүд заавал стандарт, шаардлага хангаж барих ёстой. Шинэ барилгуудыг Улсын комиссын хяналтаар “оруулахад” тоглоомын талбай нь хангалтгүй байвал засан сайжруулах үүрэг өгдөг. Хуучин барилгуудын хувьд тоглоомын талбайг СӨХ нь хариуцна. Хүүхэд бэртсэн тохиолдолд тухайн газар эзэмшигч нь хариуцах ёстой. Ойр орчимд нь барилга барих гэж буй бол тоглоомын талбайг түр хугацаанд шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах үүргийг барилгын эзэн хүлээх учиртай” гэв.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн