Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн моддын дийлэнх нь улиас байдаг. Түүнээс шалтгаалж унгирал буюу цагаан хөвөн жил бүрийн өдийд их хэмжээгээр тархаж иргэдийг бухимдуулдаг. Улиасны унгиралыг арилгах арга хэмжээг жил бүр авдаг ч хойтон жил нь энэ байдал давтагдсаар байгаа билээ. Өнөө жил ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа. Тэрбээр “Ирэх долоо хоногоос даралттай усаар шүрших арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилоод байна. Олон улсад хэрэгжүүлж байгаа технологийг өөрийн онцлогт тохируулж 2021 онд 20 000 гаруй улиасанд тариа тарьж туршсан нь үр дүнтэй байсан. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр гардаг. Харин тариа тарьснаар модны молцгийн дундаас үүсдэг цагаан үр хөврөлийг хүчээр зогсоодог. Тариа тарих нь модонд ямар нэг сөрөг нөлөөгүй. Гэвч унгиралыг арилгах тарилга тарих санхүүжилт бидэнд хангалттай байхгүй” гэв.
Бэлтгэсэн: Д.Түвшин