ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнгээр ахлуулсан судлаачид “Монгол орны нуурын анхдагч бүтээгдэхүүн” сэдвийн дор Буйр, Өгий, Доод цагаан нуурт нөөцийн судалгаа хийжээ. Судлаачид Буйр нуурын агнуурын загасны нөөцийг 360 тонн гэж тогтоосон бөгөөд жилд 55-70 тонныг олборлох боломжтой хэмээн тооцсон аж. 1954 онд эл нуурт хийсэн судалгаагаар Амарын цурхай 77, зэвэг найм, булуу цагаан тав, өлгөр цагаан гурав, тул хоёр хувийг эзэлж байжээ. Тэгвэл өдгөө булуу цагаан 57, Амарын цурхай 17.5, мөнгөлөг хэлтэс 8.5 хувийг эзлэх болсон гэнэ. Доод цагаан нуурын биологийн нөөцийг 56.2, агнуурынхыг нь 8-11 тонн гэж үнэлжээ. 1970-аад оны үед тус нуурын нөөцийн 70 хувийг цагаан загас дангаараа бүрдүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд шивэр сугас, шивэр хадран, тул 33-52 хувиар өссөн гэнэ. Тул, зэвэг, хариус загасны биеийн хэмжээ илт багассан бол шивэр сугасных нь төдийлөн өөрчлөгдөөгүйг тогтоожээ. Харин Өгий нуурын нөөцийг 80.6 тонн гэж тооцсон аж. Загас агнуулахдаа нийт нөөцийн 15-20 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой хэмээн дүгнэсэн аж. Эдгээр нуур органик бохирдолд их хэмжээгээр өртсөнөөс уугуул загасны төрөл, зүйл хумигдаж, заримынх нь өсөлт, амьдрах хувь эрс нэмэгдсэн нь гидрохимийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Загасны нөөц багасахад хууль бус агнуур, хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд ашиглаж буй бордоо зэргээс үүдэлтэй бохирдол зонхилон нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв.