Ирэх намраас эхлээд нийслэлчүүд замын хөдөлгөөнд шинэ журмаар оролцож болзошгүй нь. Өдгөө мөрдөж буй журмаар бол жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамаараад долоо хоногт нэг удаа хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа. Тэгвэл есдүгээр сараас 14 хоногт гурван удаа хязгаарлахаар төлөвлөж, бэлтгэж буй гэх. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар энэхүү “мэргэн арга”-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа уржигдар албан ёсоор танилцуулжээ. Ингэснээр түүний сэдсэн бүтэлгүй төлөвлөгөө, санаачилгын тоо нэгээр нэмэгдэв.
...Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга...
Манай улс түгжрэлийн асуудал хариуцсан сайдтай болоод нэг жил орчмын хугацаа өнгөрлөө. Тэрбээр ажлаа авсан даруйдаа “Бид ирэх жил хийсэн ажлаа дүгнэхэд Э.Бат-Үүлээс илүү гарсан байх болно” хэмээн том дуугарч, даналзсан ч үнэндээ хийсэн бүтээснээрээ түүнийг давах байтугай энд нь хүрч ажиллаж чадсангүй. Дорвитой гэж хэлэхээр ажил, хэрэгжүүлсэн шийдвэр түүнд үгүй. Харин “Оршуулгын цуваа, эмийн сан хайсан хүмүүс түгжрэл үүсгэдэг”, “Түгжрэл бол ядууралтай адилхан. Ядуурлыг бууруулах сайд байхгүй” хэмээх “онч мэргэн” үг, “Би сайд болох гэж зүтгээгүй, миний хүсэл зоригоос үл хамааран томилсон”, “Намайг хүмүүс бухимдал тайлах дүр болгож хувиргасан”, “Монголд өглөө, үдэшгүй түгжрэл бодож явдаг ганц хүн нь би” гэх гоморхол, гоншигнолоороо алдаршиж, нийгмийн сүлжээнд хамгийн идэвхтэй нэгэн гэдгээрээ танигдаж амжив. Өдгөө тэрбээр нийгмийн сүлжээгээр дамжуулан нийслэлчүүдэд замын хөдөлгөөний соёл зааж, Улаанбаатар хотод хийж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг танилцуулан, үе үе телевизээр гардаг л үндсэн ажилтай болоод байна.
Тээврийн хэрэгслийг дугаараар хязгаарлах нь түгжрэлийг бууруулах шийдэл биш. Ийм сайн туршлага дэлхий дахинд ховор, аргаа барсан үед л хэрэгжүүлдэг арга хэмжээ гэдгийг учир мэдэх хүмүүс өнгөрсөн хугацаанд хангалттай хэлж, анхааруулсаар ирсэн. Бодит үр нөлөөг нь ч бид харж байгаа. Мөнгөтэй, боломжтой хүмүүст давуу эрх олгох хийдэлтэй зохицуулалт гэдэг нь тодорхой. Тиймээс иргэд үеийн үед энэ шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн юм. Гэтэл “түгжрэл”-ийн сайд шинэ арга хэмжээ сэдэх биш, энэхүү зохицуулалтыг илүү далайцтайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулчихсан нь гайхалтай. Тэрбээр “Дугаараар хязгаарлах арга хэмжээг арай өөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. 14 хоногийн гуравт нь тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал тавина. Хотын төвийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Шаардлагатай бол зөвлөх баг ажиллуулна” хэмээн ярилаа. Сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа “Ирэх жилийн өдийд түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулсан байна” гэж хэлсэндээ хүрэхийн тулд 10 орчим жил хэл амтайхан хэрэгжүүлж ирсэн аргаа дахин ашиглах бололтой.
Түр хугацаанд ч болов ажил хийсэн юм шиг харагдуулж байвал ямар арга хэмжээ авах нь, иргэд хэрхэн хохирох нь, үр дүнтэй байх, эсэх нь түүнд огт хамаагүй юм шиг ээ. Шийдэлгүй даргын арга нь хорих, цагдах, хаах, шийдэл хайсан удирдлагын барил нь чөлөөлөх, тэлэх, задлах гэдэг юутай үнэн гэдгийг “түгжрэл”-ийн сайд шийдвэр, санаачилгуудаараа удаа дараа батлан харуулсаар байна.
Ажиллах арга барил, зүг чигээ олохгүй бүтэн жил “хий эргэсэн” сайддаа Засгийн газар дэмжлэг үзүүлэхээр уул уурхайн томоохон компанийг дайчилж эхлэв бололтой. Ж.Сүхбаатар сайд “Рио тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, ерөнхий зөвлөх Г.Түвшинзаяа нарыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзаж, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсноо цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлав. Үүнийгээ Засгийн газар “Рио тинто” групптэй байгуулсан санамж бичигт тусгасан гол ажлуудын нэг гэж учирлажээ. Тус групп Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах дэд бүтцийн төслийн судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх юм байх. Уул уурхайн үйлдвэрлэл, шинэ техник, технологи нутагшуулсан туршлагаараа “Рио тинто” Монголд төдийгүй дэлхий дахинд үлгэр жишээ гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Харин авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар туршлагатайг нь ер мэдэхгүй юм. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд гадаадын уул уурхайн компанийнхан яагаад санаа тавих үүрэгтэйг ч ойлгохгүй байна. Тэд өөрсдийн санаачилга, хүсэлтээр энэ ажилд оролцъё гэж хэлээгүй нь лавтай. Магадгүй манай засаг л нийгмийн хариуцлага, дэмжлэг гэх шалтгаанаар дарамт үзүүлэн хамтран ажиллахаас аргагүй нөхцөлд оруулсан байх талтай. Хөрөнгө оруулагчдыг энэ мэтээр буланд шахаж, хийж чадаагүй ажлаа гүйцэтгүүлчихээд гавьяаг нь өөртөө наах гэсэн явуургүй арга байж ч мэднэ. Хэрэв ямар ч хамаагүй, аль ч салбарын компанид түгжрэлийг бууруулах ажлыг даалгаад, шийдүүлчихдэг юм бол “түгжрэл”-ийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байх шаардлага ч алга. Чиг үүргээ мэддэггүй, ажлаа хийдэггүй сайдын ч хэрэг юу сан билээ. Эл хамтын ажиллагааны үр дүнд ашигладаггүй статистик судалгаа, хөрсөн дээр буулгах боломжгүй санаачилгын тоо нэгээр нэмэгдэж, их хэмжээний мөнгийг үр ашиггүй зүйлд хийсгээд л өнгөрөх магадлал өндөр.
Уржигдар болсон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдааны үеэр Ж.Сүхбаатар сайд “Би албан тушаалд томилогдсоноосоо хойш нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажилласан. Эхний ээлжийн 20 цахилгаан автобусыг оруулж ирлээ. Дахин 20 автобус ачууллаа. Хүүхдийн 50, их багтаамжийн 224, нийт 274 шинэ автобусыг нийтийн тээвэрт явуулж эхлээд байна. Парк шинэчлэлийг 2023 онд 90 хувьд хүргэх зорилготой” гэж ярьсан юм. Түүнчлэн зам, замын байгууламжуудыг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх чиглэлээр нийслэлд хийж буй ажлаа тайлагнасан. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр ч үүнийгээ давтан ярьжээ. Тэмдэг, тэмдэглэгээ тавих, хашлага, хайс байршуулах зэрэг аахар шаахар ажлаа ч орхигдуулалгүй, нэгд нэгэнгүй тоочиж. Яг үнэндээ бол түгжрэлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага, хайс ярьж суух нь дэндүү жул. Энэ ажлыг сайдтай, сайдгүй нийслэлээс жилийн жилд хийсээр ирсэн юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ч түүнээс өмнө төлөвлөж, хэрэгжүүлэхээр ярьж байлаа. Ялгаа нь шинэ сайд томилохтой зэрэгцээд түгжрэлийг бууруулахад зарцуулах төсвийн хэмжээг түүхэнд байгаагүйгээр нэмэгдүүлж, 420 тэрбумд хүргэсэн. Харамсалтай нь, тэр хэрээр үр дүн гарсангүй. Угтаа бол “түгжрэл”-ийн сайд авто замын засвар, тэмдэг, тэмдэглэгээ бус, тооцоо, судалгаанд үндэслэсэн бодлого, шийдэл ярих ёстой билээ.