Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Монголд зочлох жил” санаачилгыг дэмжиж, аялагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зорилгоор Жуулчны мэдээллийн төв байгуулжээ. Монголд ирэх жуулчны тоо өсөхийн хэрээр говийн бүсэд аялагч олширч байгаа учраас нутаг орныхоо байгаль, цаг уурын онцлог, аяллын гол маршрут, дурсгалт газар, зочлох үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх нь зүйтэй гэж үзсэн аж.
Тус аймаг цар тахлын өмнөх жилүүдэд дунджаар 20 мянга орчим жуулчин хүлээн авдаг байжээ. Харин өнгөрсөн жил гадаадын 9600 гаруй жуулчин аялсан гэнэ. Тэгвэл 2023 онд энэ тоог хоёр дахин өсгөх, аялагчдад ээлтэй үйлчилгээ нутагшуулах зорилт тавьсан байна. Үүний хүрээнд хийсэн ажлуудын нэг нь саяхан ашиглалтад оруулсан мэдээллийн төв аж. Түүнчлэн “Сэтгэшгүй оддын чуулган”, морин хуурч, уртын дуучдын нэгдсэн тоглолт зэрэг арга хэмжээг өмнөхөөс өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөснийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын мэргэжилтэн Н.Батхүү хэллээ. Онцлог нь эдгээрийг Цагаан суварга, Их газрын чулуу зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий, жуулчдын сонирхлыг татдаг газруудад зохион байгуулах гэнэ.