Нийслэлийн ЦУГ болон Аялал жуулчлалын газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, оюутан залуусыг түр ажлын байраар хангах зорилгоор 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Засгийн газраас энэ оныг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбоотойгоор Монгол оронд ирэх жуулчдын тоо нэмэгдсэн. Өнөө жилийн “Оюутан цагдаа- 2023”-т хамрагдагч залуус жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын нэг нь “Миний хувьд зөвхөн түр ажил эрхлэхээс гадна жуулчидтай харилцан гадаад хэлний мэдлэгээ бататгах, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын төв хэсгүүдээр өдрийн найман цагаар ажиллах ба цаг тутам 5000 төгрөгийн урамшуулал авах ажээ. Тус хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн