Монголын хүүхдийн спортын VII их наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт энэ сарын 19-нд болж, “Токио-2020” олимпын хүрэл медальт, Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай нар галт бамбар асаалаа. Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн АШТ-ээс шалгарсан 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд оролцож, 10 хоногийн турш өрсөлдөх юм. Тэмцээний салхийг хөлбөмбөгийн багууд хагалж, даам, шатар, чөлөөт бөх, таеквондогийн тамирчид үргэлжлүүлж байна. Таеквондогийн тэмцээнд 120 тамирчин оролцох бөгөөд хөвгүүдийн 48, -55, -73, +73 кг, охидын -49, -55, 63 кг-ын жингийн тоглолтыг олон улсын зургаа, улсын 12 шүүгч дэнсэлж буй. Тэгвэл шатрын төрөлд хөвгүүд, охидын ангилалд тус бүр 27 тамирчин, даамынхад 44 тоглогч швейцар системээр долоон өрөг тоглож, аваргаа тодруулах юм. 278 тамирчин хүч сорих чөлөөт бөхийн дэвжээнд өнгөрсөн долоо хоногт Киргизстаны Бишкек хотоос 17 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальтай ирсэн Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Занданбат, Төв аймгийн тамирчин Ү.Мөнхчимэг нар зодоглож буй.