Улаанбаатар хотын иргэдэд тухтай, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн автобусыг энэ сарын 15-наас зургаан чиглэлд явуулж эхэлсэн. Зорчих үнэ энгийнхтэй адил 500 төгрөг бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад төлбөргүй аж. Шөнийн автобус зорчигчдод хэр хүрэлцээтэй, нийслэлчүүдийн хандлага ямар байгааг сурвалжиллаа.
Хан-Уул дүүрэг дэх Ажилчны соёлын ордны буудалд энэ сарын 16-ны 23.00 цагт иргэд шөнийн автобус хүлээж зогсов. Баасан гараг болоод ч тэр үү, тэнд хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. 20 орчим насны охид шөнийн автобус хүлээх зуураа утаснаасаа чиглэлээ хайн “Манай гэрийн ойролцоо хэд гэсэн дугаартай автобус очих юм бол, яаж хайх вэ” гэж ярилцаж байлаа. Бага насны хүүгээ дагуулсан эрэгтэй “Ард кино театр луу шөнийн автобус явах болов уу” гэж эргэн тойрны хүмүүсээс асууж зогсов. Зарим иргэн“UB smart bus” аппликэйшнээс чиглэлээ яаж хайхаа мэдэхгүй байгаа нь анзаарагдсан юм. Автобус ирэхэд суудлууд нь дүүрсэн, ахмад настан, хүүхэд залуус гээд наснасны хүмүүс зорчих аж. Иргэд жолоочоос “3, 4 дүгээр хороолол руу явахад ямар автобусанд суух вэ. Шар хад рууявах уу” гэж асуух нь цөөнгүй. Үүнээс харахад иргэд аль чиглэлд, хэдэн автобус явж байгаа тухай мэдээлэл багатай байгаа нь анзаарагдав. Амралтын өдөр шөнийн тээврийн ачаалал хэр байгааг сонирхон “Таван шар”-ын автобусны буудал руу очлоо. 00.00 цагаас хойш автобус ирэхийг 12 хүн хүлээж зогсов. Зургадугаар сарын 18-ны 01.00 цагийн орчимд Үндэсний төв номын сангийн буудалд хүн ихтэй байв.
Сүхбаатарын талбайгаас “Таван шар” луу явах автобусанд бага насны хүүхдийнхээ хамт зорчиж явсан эмэгтэй “Орой үдэш аюулгүй явах боломжтой болсон нь их таалагдсан. Шөнийн автобус явахаас өмнө би 120 мянгатаас гэр лүүгээ өдөр бүр 28 000 төгрөгөөр такси хөлслөн харьдаг байлаа. Гэхдээ шөнийн тээврийн чиглэлийг нэмэх хэрэгтэй. Манайх Морингийн даваанд амьдардаг. Надтай адил хотын захын дүүрэгт, гэр хороололд оршин суудаг хүн олон бий. “Туул” тосгон, Биокомбинат чиглэлд шөнийн автобус явдаггүй. Хамгийн ойрхон нь Нисэх, Яармаг хүртэл явдаг тул Буянт-Ухаагийн автобусны буудлаас хувийн унаанд суух хэрэгтэй болдог. Тиймээс чиглэлийг нь олон болгож нэмээсэй. Нийтийн тээвэр хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой шүү дээ” гэв.
Ажлаа тараад явж буй оюутантай ярилцахад “Би ресторанд зөөгчөөр ажилладаг. Ажил 23.00 цагаас хойш тарах ч үе бий. Гэр минь “Буянт-Ухаа II” хороололд байдаг. Таксигаар өдөр бүр зорчиход зарлага ихтэй. Ажлаас унааны мөнгө гэж 5000 төгрөг өгдөг юм. Цалингийнхаа талыг унаанд зарцуулдаг гэж хэлж болно. Таксинд суухад их аюултай. Зарим жолооч айлгаж сүрдүүлдэг, хамт явах уу гэх тохиолдол ч байдаг. Явах замаа хүртэл өөрчлөөд, хаалгаа цоожилсон удаа ч бий. Одоо шөнийн автобусаар аюулгүй, хямд зорчих болсондоо баяртай байна. Шөнийн автобус дөрвөн улиралд явдаг бол сайхан” гэлээ.
МУБИС-Архивын ерөнхий газар чиглэлд явж буй “Зорчигч тээврийн нэгтгэл 3” компанийн жолооч Г.Хүрэлтогоо “Шөнийн автобусны чиглэлд өнөөдрөөс явж байна. Иргэдэд шөнийн тээвэр маш их хэрэгтэй. Аюулгүйгээс гадна хөлсний унаанаас харьцангуй хямд, бас найдвартай. Миний жолоодож буй автобус цахилгаанаар ажилладаг. Нэг удаа цэнэглэхэд бүтэн өдөрт хүрэлцдэг. 22.00-23.00 цаг хүртэл ачаалал ихтэй, суудал дүүрч байна. Харин 02.00 цагийн үед хүмүүс зорчих нь багасдаг. Иргэд одоохондоо мэдээлэл багатай байх шиг санагдсан. Мэдээлэл сайн түгээвэл өмнөхөөсөө илүү үйлчлүүлэх болов уу” хэмээн ярилаа.
Шөнийн автобусны чиглэлийг нэмэх, цагийг нь уртасгах боломж бий, эсэхийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Г.Үүрийнсолонгоос тодрууллахад“Иргэдийн санал хүсэлт, судалгаанд тулгуурлаж нийслэлийн ИТХ-аас төсөв баталдаг. Орон нутгийн төсөв батлагдахад нийслэлд хэдэн автобус ямар цагаар явах нь тодорхой болдог юм. Одоогоор автобусны цагийг уртасгах, чиглэл нэмэх боломж хараахан байхгүй. Шөнийн тээврийн үйлчилгээг улирал харгалзахгүй явуулах хүсэлтийг иргэд цөөнгүй гаргаж байгаа. Бид үүнийг судалж байна” гэсэн хариулт өглөө.
Бэлтгэсэн: Н.Болоршүр