Казакстаны Алматы хотод энэ сарын 3-12-нд болсон шатрын блиц, стандарт төрлийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлагад Монголоос зургаан тамирчин оюун ухаанаа сорьсон. Тэднээс Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангаж, Азербайжаны Баку хотод ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх “Дэлхийн цом-2023” тэмцээнд өрсөлдөх эрхтэй ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Монголын шатрын холбоо тус тэмцээний дараахан Дэлхийн цомд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд дотооддоо зохион байгуулав. Тамирчид эрхийн төлөө тойргийн системээр тоглоход олон улсын мастер Б.Баярмаа, Үндэсний шигшээ баг, “Кайсса” клубийн тамирчин, их мастер Т.Мөнхзул нар нэг ч хожигдолгүй түрүүлснээр дээрх тэмцээнд оролцохоор болжээ.