Киргизстаны нийслэл Бишкек хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн 17, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид хүч сорилоо. Тэднээс эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Т.Энхжин Азийн аваргаар тодров. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Б.Батериг 3:2-оор буулган авч шагналын тавцанд зогсжээ. Тэрбээр энэ насны ангилалд түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө 2019 онд нутгийнхаа дэвжээнд Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, өнгөрсөн жил тус хотод М.Мөнхгэрэл, Б.Отгонтуяа нар түрүүлж байв. Тэгвэл 72 кг-д Д.Цогзолмаа хүрэл хэсгийн барилдаанд 3:3-аар ялагдсан ч Казахстаны Анастасия Панассовичтэй медальтай үлдэх эсэх барилдаанд дахин таарч 7:6-гаар илүүрхэв. Тэрбээр 2019 онд нутгийнхаа дэвжээнд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа бататгалаа. 50 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Оюундарь хэсэгтээ хожигдсон ч Вьетнамын Ти-Йен Триегээс даагаа нэхэж 6:0-ээр хожсоноор хүрэл медаль зүүлээ.