Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг үндэсний сур харваагаар олон жил тууштай хичээллэж, амжилт гаргасан ахмад харваач. Дорнод аймгийн Баяндун сумаар овоглож, сурын алтан шар зурхайд нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа түүгээр бахархдаг залуус олон бий. Жил бүрийн наадмаар шилдгүүдтэй мөр зэрэгцэн цэц сорьдог тэрбээр 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар 36 сумнаас 34 онож, Монгол Улсын мэргэн цол хүртэн наадамчин олныг баясгасан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар хүү Ж.Оюунгэрэл нь “Улсын тод харваач” цол хүртэж ээжийгээ баярлуулж байв. Үндэсний спортоос сур харвааг хүүхэд, залууст өвлүүлж, улсдаа хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, 2019 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
-Үндэсний их баяр наадмын өдрүүд хаяанд ирлээ. Сурын алтан шар зурхайд эрхий мэргэчүүдтэй олон жил цэц сорьсон таны сэтгэл догдолж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэгэлгүй яах вэ. Жил бүрийн наадам өөрийн гэсэн өнгөтэй, өвөрмөц болдог. Наадамчин олон шинэ мэргэн төрөхөд их бэлгэшээдэг. Тиймээс баярын өдрүүдэд нутгаас минь хэн түрүүлэх бол гэж догдолж суудаг юм шүү дээ. Өвөг дээдсийн минь хөвчирсөн нум жилдээ нэг удаа эвшээлгэдэг сайхан заншил монгол эрчүүдэд өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн. Сур харваатай нөхөрлөсөн эр хүний хийморь сэргэдэг болохоор эрт дээр үеэс айл бүр хоймортоо нум, сум залдаг байсан гэдэг.
-Хүүгээ “Улсын тод харваач” цол хүртэхийг та үзэгчдийн суудлаас догдлон харж, баяр хүргэж байсан тань сэтгэлд мартагдахааргүй тод үлджээ.
-Өнгөрсөн жилийн наадмаар сур харвааны талбайд алдартай харваачидтай мөр зэрэгцэн хүүгийнхээ хамт цэц сорьсон баярт мөч одоо ч нүдэнд харагдаж байна. Ж.Оюунгэрэл миний отгон хүү. Түүнийг шилдэг харваачдын нэгээр шалгарахад огшиж, баярласан маань миний амьдралд бас нэгэн таатай дурсамж үлдээсэн. Хүү минь хүүхэд байхаасаа сур харваагаар хичээллэсэн. Одоо Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажилладаг. Би үндэсний спортын өв соёлоо тээж яваа залуусаар бахархах дуртай. Үндэсний сур харваа оюун ухааны спорт. Залуу харваачид алдартай мэргэчүүдтэй өрсөлдөж, шилдэг 16, найм, дөрөвт шалгарна гэдэг энэ спорт хэрхэн өндөр хөгжсөнийг харуулж байна. Өнөө цагт нум, сум урладаг хүн олон болсон. Тэр хэрээр харваачид сайн нумаар бэлтгэл хийж, арга барил, техникээ хөгжүүлж байгаа.
-Монгол Улсын мэргэн цол хүртэхийг тань багадаа зурагтаар харж суусан надад хожим уулзаж, наадмын тухай яриа өрнүүлнэ гэж огт төсөөлөгдөж байсангүй.
-Би 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар 36 сумнаас 34 онож Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм. Хүн хүсэл, мөрөөдөлтэй амьдрах сайхан. Сур харваагаар 1980 онд 30 настайдаа анх хичээллэхдээ спортын мастер цолтой болох сон гэж их боддог байв. Дараа жил нь спортын мастер болчихоод Монгол Улсын мэргэн цол хүртэх сэн гэж мөрөөдөж билээ. Олон жил сэтгэлдээ тээсэн хүсэл, зорилгоо 50 насандаа биелүүлж, нутгийн зон олноо баярлуулсан. Тэгвэл спортын бусад төрлийн тамирчдын олонх нь энэ насанд зодог тайлдаг шүү дээ. Сурын спортод нас хязгаарладаггүй тул хүн хэдэн насандаа ч хичээллэж, амжилт гаргаж болно. Үндэсний сур харвааны гайхамшиг, давуу тал үүнд л оршдог.
-Хүмүүс таныг Баян-Уул, Цагаан-Овоо, Дашбалбар сумаас төрсөн мэргэчүүдийн нэг гэж ам булаалдан ярихыг цөөнгүй сонссон.
-Дорнод аймгийн Баян-Уул сум алдартай мэргэчүүдтэй. Энэ нутгаас минь төрсөн 17 мэргэн бий. Би тус сумын сургуульд 10 анги төгстлөө сурсан болохоор төрж, өссөн газраас ялгаагүй санагддаг юм. Миний аав, ээж Баяндун сумын уугуул. Тэд минь биднийг сургууль, соёл бараадуулж Баян-Уул сумд шилжиж ирсэн гэдэг. Хань минь Цагаан-Овоо сумын харьяат болохоор намайг залуу байхад хүмүүс элнутгийн харваач гэж ярьдаг байлаа. Монгол Улсын мэргэн цол хүртэх жил намайг Дашбалбар сумын харьяат гээд зарлахад цочих шиг болсон. Тэр үед наадмын үндэсний сур харвааг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай сэтгүүлч сурвалжлан олонд хүргэдэг байсан юм. Түүнд “Наанадаж нутгийн олон, цаанадаж аав, ээжийн минь сүнс гомдох биз дээ. Би Баяндун сумын уугуул. Хүү минь залруулж, зөв зарлаарай” гэж хэлснээс хойш олон жил өнгөрчээ. Манай сумаас хоёр улсын мэргэн цолтон төрсний нэг нь би. Миний өмнө Гүр хэмээх алдартай мэргэн харваач байлаа.
-Сурын алтан шар зурхайд аавынхаа нэрийг дуудуулж зогсох сайхан сэтгэгдэл төрүүлдэг байх.
-Хүн энэ хорвоод ховорхон хувь тавилангаар мэндэлдэг юм гэсэн. Тэр тусмаа Монгол оронд. Надад хүмүн заяаг бэлэглэсэн аав, ээж, эх орон, газар нутагтаа баярлан талархдаг. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг үг бий. Үндэсний сур харвааны алтан шар зурхайд Дондогнямын Цэцэг гэж аавынхаа нэрийг дуудуулах шиг сайхан зүйл байдаггүй. Үүнийг мэдэрсэн цагаасаа хаана ч очсон нэрийг нь өндөрт өргөж, сайнаар хэлүүлж явах сан гэж хичээдэг дээ.
-80 насандаа спортоор хичээллэж, залуустай ана мана өрсөлдөн, амжилт гаргах гайхамшгийг үндэсний сур харваачдаас л олж харах юм.
-Би өдгөө 74 настай. Жил бүрийн наадмаар өөрөө баярлахаас илүү хүүгээ сайн цэц сориосой гэж ерөөдөг. Өнгөрсөн жил наадмын хана харваанд 15, хасаа харваанд 11, нийт 26 сум онохдоо өөрийгөө чамласан ч “73 нас зооглосон надад болдог оноо шүү дээ” гэж урам өгч суусан. Төр, засгаас хайрласан өндөр цолыг сэвтээхгүй авч явах сан гэж үргэлж боддог. Үндэсний сур харваагаар олон жил тууштай хичээллэж, амжилт гаргасан олон эмэгтэй бий. Тэднээс 83 насны босго давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Д.Бор-Охин эгчээр бахархдаг. Тэрбээр амьдралынхаа 50 гаруй жилийг энэ спортод зориулж, үр хүүхдүүдээ ч хичээллүүлсэн.
-Харваачид аав, ээжийнхээ нумны сумыг зөөж, үндэсний спортод хөл тавьсан тухайгаа өгүүлдэг. Хүүхдүүд тань тэдний нэг биз?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь багаасаа үндэсний сураар хичээллэлээ. Том хүүгээ аймгийн хүүхдийн сур харвааны тэмцээнд түрүүлж алт, охиноо насанд хүрэгчдийн УАШТ-ий хасаа харваанд мөнгөн медаль хүртэхэд нь баярласан. Бага хүүгээс бусад нь одоо ажил, амьдралдаа анхаарал хандуулж, завгүй явах болжээ. Намайг бэлтгэл хийхэд хүүхдүүд минь дагаж ирээд сумыг маань мөн ч их зөөсөн дөө. Томыг нь дагуулаад, багыг нь тэвэрч ирээд бэлтгэл хийхдээ хэцүү гэж бодож байгаагүй. 1981 онд том охиноо дагуулаад хоёр сартай дүүг нь харуулахаар Улаанбаатарын онгоцонд суухад нөхөр “Чи сур, сур гэж явсаар хүүхэд харангасааж ядраав” гэж захиж билээ. Тэр цагаас хүүхдүүд минь бие дааж өссөн. Би одоо ч гэсэн сурын талбайд аав, ээжийнхээ сумыг зөөж буй хүүхдүүдийг хараад өхөөрдөж хайрладаг юм.
-Байсхийгээд сурын талбай руу бэлтгэл хийхээр явахад гэр бүлийнхэн тань хэр сайн ойлгож, дэмждэг байв?
-Хүний амьдралын хайрлаж, хамгаалах явах нандин зүйл бол гэр бүл. Хань минь намайг бэлтгэл хийхээр явахад нэг ч удаа дургүйцээгүй. Наадам өндөрлөсний дараа орон нутагт зохион байгуулах тэмцээнд оролцохоор нум, сумаа зэхэхэд “Хаашаа явах нь вэ” гэж асуухаас биш “Боль” гэдэггүй хүн байлаа. Би ханийнхаа тус дэмийн хүчинд амжилт гаргасан. Надтай хамт хичээллэсэн зарим бүсгүйн ар гэрийнхэн сур харвааг таатай хүлээж аваагүйгээс холдсон тохиолдол бий. Миний хувьд эмэгтэйчүүдийг спортын хэцүү, бэрхээс бус, гэр бүл нь дэмждэггүйн улмаас шантардаг гэж боддог.
-Сурын талбайд олон сар бэлтгэл хийдэг залуусын хатуужил, тэсвэрийг хараад бахархах бодол төрдөг шүү.
-Сур харваа хатуужил, тэвчээр, ур чадвар, мэдрэмж маш их шаарддаг. Бид халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй бороо, шороотой үед ч гадаа зогсоод харвадаг болохоор хэр баргийн зүйлд амархан шантрахгүй. Энэ спорттой хувь заяагаа холбосон бол эргэж буцна гэж байдаггүй юм. Тиймээс ямар ч бэрхшээлтэй тулгарсан даван туулах сэтгэлийн тэнхээтэй болсон байдаг.
-Та Монгол Улсын мэргэн цол хүртсэн жилээ гадаадын жуулчдад нум, сумаа бэлэглэсэн гэдэг. Тэр тухай анх сонсчихоод гайхаж байснаа одоо ч мартдаггүй. Хэзээ нэгэн цагт энэ талаар асууна гэж боддог байлаа.
-Жил бүр наадам үзэхээр ирсэн жуулчид үндэсний сур харвааг сонирхож үздэг. Намайг улсын наадмын сур харвааны тэмцээнд түрүүлдэг жил АНУ-аас ирсэн нэг жуулчин сумыг маань барьчихаад “Та энэ сумаа надад өгөөч. Би худалдаж авъя. Өөрийг тань амжилтад хөтөлсөн болохоор бэлгэшээж хадгалах гэсэн юм” гэв. Тив алгасаж ирээд Монгол наадам үзэж, үндэсний спортоор минь бахархаж зогссон түүнд өгөлгүй яах вэ. Түүний дараахан Румыний жуулчин ирж уулзаад “Таны нум сайхан санагдлаа. Дурсгал болгож худалдаач” гэхэд нь эхэндээ өгөх үү, байх уу гэж эргэлзсэн ч дараа нь хүний сайхан сэтгэлийг хүндлэх хэрэгтэй. Гонсойлгож хэрхэвч болохгүй гэж бодоод “Д.Цэцэг хэмээх харваачийн бус, монгол түмний нум, сумыг дээдэлж яваарай” гэж хэлээд бэлэглэж байв. Би тэр жил З.Баатар гуайн урласан нумаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Тэрбээр сурын харвааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ачтай хүн дээ.