“Туул ижий сан”, “JCI progress” төрийн бус байгууллагын санхүүжилт, дэмжлэг, БОАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид хэрэгжүүлж буй “Сая загас” төслийн хүрээнд Туул голд 525 000 жарамгай нутагшуулаад байна. Дээрх байгууллагууд уг төслөө Туул болон түүний цутгал голуудын экосистемийн тэнцвэрийг хангах, загасны тоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019-2022 онд 200 000 жарамгай нутагшуулсан юм. Энэ жил шөвгөр хоншоорт зэвэг загасны 300 000 жарамгай байгальд тавихаар төлөвлөснөө 25 000-аар давуулан биелүүлснээр нийт бодгалийн тоо ийнхүү хагас саяд хүрчээ.
Судлаачид 2023 онд лабораторийн орчинд зориудын аргаар өсгөн үржүүлсэн жарамгайнхаа эх сүргийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдтэй хамтран Орхон голоос барьсан бөгөөд түрсийг нь авсны дараа усанд буцаан тавьжээ. Энэ жилийн загас үржүүлгийн туршилт, судалгаанд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар болон МУБИС-ийн оюутнуудыг хамруулан, дадлагажуулж буйгаараа онцлог аж.