БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах UNMISS ажиллагааны Юнити секторт үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг орон нутагт энхийг сахиулахаас гадна, энхийг байгуулах, Монгол цэргийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.
Дээрх зорилгын хүрээнд эхлүүлсэн төслийн нэгдүгээр үе шат Бентью суурингийн охидын сургуульд явагдсан бол энэ удаагийн үе шатыг энэ сарын 09-ний өдөр цэргийн багийн хариуцлагын бүс дахь Париан сууринд зохион байгууллаа.
Энэ өдөр Париан суурингийн төв талбайд 10 төрлийн хүүхдийн тоглоом, охидын сургуулийн гадна талбайд 10 ширхэг хөлөгт тоглоомуудыг гарын доорх материал ашиглан хийж байрлуулсан юм. Тус арга хэмжээнд Рувенг засаг захиргааны бүсийн дарга ноён Стефано Виэю Ди Миалэк болон орон нутгийн иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцлоо.
Арга хэмжээний үеэр ноён Стефано Виэю Ди Миалэк хэлсэн үгэндээ Монгол цэрэг энд байгаад манай ард иргэд амгалан тайван амарч, ажиллаж амьдардаг билээ, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, наадаж тоглох тоглоомыг хийж байршуулж байгаад ард иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байна. Монголын батальоны цэргүүдэд маш их баярлаж байна хэмээн онцолсон юм.
Энэхүү арга хэмжээний үеэр үндэсний урлагийн үзүүлбэрийг сонирхуулахын зэрэгцээ сургуулийн багш болон 300 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас тараан өглөө. Дээрх арга хэмжээ нь цаашид үргэлжлэн явагдах юм.