Эхнэр нөхөр Грейс, Кристина Барнетт нар нэлээд хэдэн жилийн өмнө Украйнаас Наташа гэдэг жаахан охиныг өргөж авчээ. Гэхдээ охиныг хоёр жилийн өмнө л Америкт авчрах боломж олдож. Барнеттынхан бол Наташагийн хоёр дахь асран хүмүүжүүлэгч гэр бүл аж. Эхнийх нь зургаан настай охиныг өсгөн хүмүүжүүлж чадахгүй нь гээд буцаагаад асрамжийн газар нь өгсөн байна.
Хожим нь мэдсэнээр охин нуруу нугасны гажигтай холбоотой удамшлын өвчинтэй байжээ. Ийм оноштой хүүхдийн өсөлтийн явц саатдаг аж. Гэсэн хэдий ч Барнеттын гэр бүл Наташа охиныг өргөж авахдаа огт эргэлзээгүй байна. Тэдний төрсөн хүү аутизмтай ч 14 насандаа дээд сургуулийн астрофизикийн хичээлийг үзсэн учир тэд дээрх бэрхшээлээс айгаагүй төдийгүй охиныг төрсөн гурван хүүгээсээ илүү халамжлах болсон байна.
Хожим эхнэр нөхөр Барнетт ярихдаа Наташатай байхад маш хэцүү байснаа хүлээн зөвшөөрчээ. Наташаг 13 настай биш гэдгийг тэд бараг тэр даруй сэжиглэж эхэлжээ. Тэрбээр насандаа хэт баян үгсийн сантай мөн өнгөрсөн үеийнхээ тухай ярихдаа байнга будилдаг байв. Наташа бас маш түрэмгий араншинтай байжээ. Тэрбээр дүүгээ /Бернеттын төрсөн хүү/ байнга зодож, нэг шөнө өргөж авсан эцгийнхээ орны толгойд хутга барин зогсож байсан тухай орон нутгийн хэвлэлд бичсэн байна.
Тэвчээрийн хязгаарыг нэгэн аймшигтай хэрэг цэглэжээ. Наташа нэг ахынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр Кристина руу дайрч, "Би чамайг ална!" Гэж хашхиран дайрч давшилжээ. Тэрбээр өргөмөл ээжийгээ өндөр хүчдэлийн утас татсан хашаа руу түлхэж эхэлсэн байна.
Хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эхэндээ охиныг баривчлахаас татгалзсан ч Барнеттууд охиныг сэтгэцийн эмнэлэгт аваачиж, шинжилгээ хийлгэхийг шаарджээ. Үзлэгийн явцад тэрээр 25 настай одой хүн болох нь тогтоогдсон байна. Охин ч үүнийгээ хүлээн зөвшөөрчээ.
Шоконд орсон Барнеттынхан Канад амьдрахаар явсан байна. Тэдний аутизмтай том хүүг Кандадын нэгэн их сургуульд тэтгэлгээр сургахыг санал болгосныг далимдуулан ийнхүү шийджээ.
Тэд Наташад байр түрээслэн нэг жилийнх нь төлбөрийг нь өгөөд явсан байна.
Гэвч хосуудын хувьд асуудал дуусаагүй байлаа. "Бяцхан" Наташагийн явдаг байсан сургуулиас асрамжийн байгууллагад охиныг хичээлдээ ирэхээ больсон тухай захидал иржээ.
Ингээд Барнеттийнхныг эцэг эхийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлосон гэж буруутгахаас гадна төрсөн гурван хөвгүүдийг нь хурааж авахаар шийджээ.
Майкл, Кристина хоёр нэр төрөө хамгаалахын тулд асар их мөнгө, цаг заваа зарцуулжээ. Мөн үүнтэй зэрэгцэн өргөмөл охиныг нь хэдэн жилийн турш үзэж хянасан хүүхдийн эмч нарын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гэтэл энэ түүх өөр нэг өрнөлөөр үргэлжлэх болов. Саяхан хийсэн эмнэлгийн үзлэгээр Наташа үрчлэгдэх үедээ үнэхээр насанд хүрээгүй охин байсан нь тогтоогджээ. Түүний насыг ердөө хоёр, гурван жилээр хэтрүүлсэн байж магадгүй. Охины хачирхалтай зан авир мөн өөрийгөө насанд хүрсэн эмэгтэй гэж хүлээн зөвшөөрсөн нь түүний сэтгэцийн эмгэгтэй холбоотой гэж тайлбарласан байна. Сэтгүүлчид Наташагаас "Чи үнэхээр хэдэн настай юм бэ?" гэж асуухад тэрбээр "Би өөрөө ч мэдмээр байна" гэж хариулжээ.