Иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэ сарын 14-16-нд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж буйгаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. Эл өдөрлөгийн үеэр түгээх сүлжээнд холбогдсон шугам тоноглолуудын ашиглалтын аюулгүй байдалд эзэмшлийн зааг харгалзахгүйгээр үзлэг хийж, зөвлөгөө өгөх аж. Мөн цахилгааны оруулгын утсаа солиулах хүсэлт ирүүлсэн айл өрхүүдийн захиалгыг хүлээн авч, нэг сарын дотор үнэ төлбөргүй угсарч өгөх гэнэ. Оруулгын утсаа бэлдэхдээ тухайн газрын цаг уурын хэм, хөрсний нөхцөлд тохирох, эсэхийг харгалзан сонгохыг зөвлөжээ. Түүнчлэн зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан, хүн, амьтны эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл үүсгэж болзошгүй оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан бол хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглээг нь түдгэлзүүлэх аж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал