Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 11 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна. Явган хүний болон дугуйн замын ажлыг 10 байршилд хийж дууссан бөгөөд долоон байршилд ажил үргэлжилж буй.
Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн авто замын засвар, арчлалт, гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ болон гэр хорооллуудын автобусны буудлуудын одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь явж шалгах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хотын хэмжээнд гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь байлгах чиглэлээр үүрэг өгөв. Нийслэлийн нийтийн тээвэрт 107 чиглэлд 996 автобус үйлчилгээнд явж, өдөрт давхардсан тоогоор 520 мянга орчим хүнд үйлчилдэг. Нийтийн тээврийн 1171 зогсоол байгаа юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,
- Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.
- Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулах.
- Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
- Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.