Онгоцны ослоос амьд гарсан дөрвөн охин зургаан долоо хоног ойн ширэнгэд өнгөрүүлжээ
Тавдугаар сарын 1-нд гурван том хүн, дөрвөн хүүхэд сууж явсан хөнгөн онгоц ширэнгэн ойн дээгүүр нисэж яваад осолджээ. Хоёр долоо хоногийн дараа ослын газарт очсон аврагчид онгоцны сэг дундаас зөвхөн насанд хүрсэн зорчигчдын л цогцсыг олжээ. Харин дөрвөн бяцхан охины ул мөр байхгүй байв. Дөрвөн охины том нь 13-тай, бага нь дөнгөж 11 сартай хүүхдүүд байлаа.
Колумб улс даяар бүхэл бүтэн зургаан долоо хоногийн турш охидыг амьд байгаасай гэж залбирч байв.
Долоо хоногийн өмнө цэргийнхэн ширэнгэн ойн гүнээс хөлийн мөр тал хазсан жимс олжээ. Холгүй нярайн хоолны сав олдсон байна. Энэ нь тэдгээр охидыг онгоцны ослоос амьд үлдэж чадсан төдийгүй хүмүүсийн эрэлд гарчээ гэсэн итгэлийг төрүүлжээ.
Колумбын аврагчид эрлийн ажиллагаагаа өвөрмөц аргуудаар явуулж байсны нэг нь онгоцноос ширэнгэн ой руу хайрцагтай хоол хүнс хаяж, охидын эмээгийн дууг чанга яригчаар дамжуулж, хүүхдүүдийг байгаа газраа үлдэхийг уриалж байв.
Нутгийн иргэд ч мөн эрэл хайгуулд нэгдсэн байна. Ингэсний хүчинд охидыг олжээ.
Зэрлэг амьтадтай харилцаж сурсан нь охидод маш их хэрэг болжээ. Харин бяцхан охид шавжид юу ч үгүй хазуулсан байлаа.
Дөрвөн охин нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд хамгийн том 13 настай эгч нь дүү нараа аврах ажиллагааг өөрийн мэдэлгүй л толгойлох болсон байна. Тэрээр модны мөчрүүдийг үснийхээ боолтуудаар зангидаж овоохой барьж, толгой хорогдож, зэрлэг жимсээр дүү нараа тэжээж байжээ.
Ач охидоо олдсоныг сонссон эмээ уйлан хайлан,эрэлд оролцсон бүх хүнд, "дэлхий ээждээ" талархаж байв.
Охидыг нисдэг тэргээр Колумбын нийслэл Богота хотод хүргэж, эмч нарын гарт шилжүүлсэн байна.
Охидын ээж онгоцны ослын дараа амьд байсан ч дөрөв дэх өдөр нь нас барсан байна. Онгоц осолдоход тэд авч явсан фариньо /нэг төрлийн боловсруулсан үр тариа/ онгоцны сэгэн дотроос олж түүгээрээ хэсэг амь зогоож байжээ. Фариньогоо дуусгаад жимс идэж эхэлсэн гэж охидынхоо ярьсныг эцэг нь сэтгүүлчдэд хэлжээ.
“Аймшигт ширэнгэн ойд нэг ч том хүнгүй сар гаруй болсон эдгээр бяцхан үрс амьд үлдэхийн үлгэр дууриалал боллоо. Хэдэн долоо хоног хайсны эцэст бяцхан охидыгоо эсэн мэнд олсон өдөр Колумб улсын хувьд ид шидийн өдөр болон баяр баясгалан болов” гэж тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро мэдэгджээ.