Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах “Алтай хотхон”-ы оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж буйг эсэргүүцэн өчигдөр жагслаа. Тус хотхон 11 мянга гаруй оршин суугчтай ч ерөнхий боловсролын нэг ч сургуульгүй аж. Сүүлийн жилүүдэд цөөнгүй барилга нэмж барьснаас хүүхдүүд чөлөөтэй тоглох талбайгүй болж, оршин суугчид нь хотхон дотроо түгжрэн, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлгүй болжээ. Тиймээс иргэд “Тайгам алтай” компани шинээр орон сууц барихаар зэхэж буй газарт цугларан, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсагчид “Шунал нь ихэдсэн “Тайгам алтай” компани газраа чөлөөлж өг”, “Хүүхдийн ирээдүй бүрхэг байна”, “Бидний үр хүүхдэд сургууль, цэцэрлэг хэрэгтэй”, “Төлөвлөлтөд тусгасны дагуу сургуулиа барь” гэсэн бичигтэй самбар барьсан байв. Оршин суугчдын эрх зөрчигдсөн энэ асуудлаар иргэд удаа дараа жагсаж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрснийг хотхоныхон хэлсэн юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл