Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа Ховд аймгийн Булган сумд өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах нь ойн баярын зорилго байв.
Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн баатарлаг эх орончид, ахмад дайчид, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэв. Баруун хилийн тулгаралтад амиа алдагсдын дурсгалд зориулан Булган сумын Увш хааны талбайд цагаан гантигаар 12.7 метр өндөр гэрэлт хөшөө босгож оройд нь Төрийн соёмбо дүрсэлж, өмнө нь мөнхийн гал бадраажээ. Түүхт ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтайн Эрдэнэ, Баян-Өлгийн Алтай, Баянхонгорын Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Мөн элойд зориулан хил хамгаалах байгууллагын Хилийн түүхийн музейнхэн орон нутаг судлах музейтэй хамтран үзэсгэлэн дэлгэсэн юм.
Бэлтгэсэн: Д.Түвшин