“Архангай аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн холбоо”-ныхон БОАЖЯ-наас өгсөн зөвшөөрлийн дагуу Богдхан уулаас Булган уулд 10 янгир нутагшуулжээ. Дархан цаазат Булган уул нь нэгэн цагт буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс зэрэг зэрлэг ан амьтнаар баялаг байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, зарим зүйлийн бодгаль ховордсон гэнэ. Тиймээс нутгийн уугуул залуус биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт янгир нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр санаачилсан аж. Төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, 50 хүртэлх тооны бодгаль шилжүүлэн нутагшуулахаар төлөвлөжээ.