Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь ногоон байгууламжийг энэ жилээс хувийн хэвшлийнхэнд хариуцуулахаар болсон. Өмнө нь үүнийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хариуцдаг байсан бөгөөд хувийн хэвшлийнхнээр аар саар ажил хийлгэж, туслуулдаг байсан юм. Харин төр өнөө жилээс тэдэнд “хаалга”-аа илүү том нээж, итгэл хүлээлгээд буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ирэх гурван жилд хотын ногоон байгууламжийг хариуцах аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан, гэрээ байгуулсан билээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд буй нийтийн эзэмшлийн 135.4 га талбайн 65.7 хувийг хувийн хэвшлийнхэн хариуцаж, ногоон байгууламжийн урсгал зардалд төсөвлөсөн 15.3 тэрбум төгрөгийн 93 хувийг “авах” нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, жил бүр хийдэг ногоон байгууламж арчлах, хамгаалах, мод, сөөг нэмж тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах ажлын голыг тэд нугалах үүрэг хүлээж байна.
...Энэ ажлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах болсон нь ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойг албаны хүмүүс хэлсэн. Хотын ногоон байгууламжийг аврах төлөвлөгөөтэйгөөр шинэ “асран хамгаалагч” томилсон гэсэн үг. Одоо тэдний шидийг үзэх л үлдлээ...
“Хотын ногоон байгууламжийг чухам хэнд хариуцуулчихав аа” гэдэг асуултын хариулт анхаарал татаж буй. Хувийн хэвшлийнхэнд даалгах нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг ч нийгмийн тодорхой түвшинд өрнөсөн. Үүнийг дүгнэхэд эртэднэ. Харин хотын уушги болсон байгууламжийн “асран хамгаалагчид” нэгэнт тодорсон тул өдгөө юу хийж байгаа, цаашид ямар ажил гүйцэтгэх нь сонирхол татсан хэвээр. Албаны хүмүүст дээрх асуултыг тавихад “Харьцангуй туршлагатай, өмнө нь нийслэлтэй хамтран ажиллаж байсан, тогтвортой үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй аж ахуйн нэгжүүдийг сонгосон” гэж онцлоод “Бат-Өндөр хайрхан”, “Грийт пинус”, “Ногоон төгөл”, “Охь мандал”, “Талын хүч”, “Хос халиун пропертис”, “Хорсбек”, “Монплант”, “Цэцэгт ногоон хөндий”, “Эрдэс булаг” зэрэг компанийг нэр цохов. Судалж үзвэл бүгд л энэ чиглэлээр тодорхой хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, салбартаа танигдсан компани байна. Эдгээр аж ахуйн нэгж 2026 он хүртэл нийслэлийн гудамж, талбайн цэцэрлэг, ногоон байгууламжуудыг хариуцах бөгөөд цаг улирлын онцлогоос хамааран мод шохойдох, хэлбэржүүлэх, хортон шавжаас хамгаалах, бордох, цэнэг усалгаа хийх, зүлэгжүүлэх, бут, сөөг нэмж тарих, цэцгийн мандал байгуулах зэрэг ажлыг технологи, зааварчилгааны дагуу гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээжээ. 2023 онд гэхэд 180 мянга орчим мод, бут суулгаж, 2.5 га талбайд цэцэгт мандал байгуулан, хоёр га-д зүлэг нөхөж тарихаар төлөвлөжээ. Хаврын мод тарих үе нэгэнт дууссан учир энэ долоо хоногоос зүлэг, цэцэг тарих ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд буй аж. Ирэх наймдугаар сард манай улсад Зүүн Азийн залуучуудын спортын II наадам зохион байгуулахтай холбоотойгоор өнөө жил нийслэлд гоёлын ургамал, чимэглэлийн бут, сөөг олныг тарихаар болжээ. Нийт 51 байршилд ийм ургамал тарих бол 10 газарт 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн мандал байгуулахаар зорьж буйг цэцэрлэгчид дурдав.
Дээрх аж ахуйн нэгж бүр хариуцсан нутаг дэвсгэр, байршилтай. Тодруулбал, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийнх нь хүчин чадал зэргээс хамаараад харилцан адилгүй хэмжээний газар “хуваарилсан” гэсэн үг. Зөвхөн мод, бутны арчилгаа хариуцдаг компани ч бий, зүлэг, цэцэг дааж авсан нь ч байна. “Талын хүч” ХХК гэхэд Л.Энэбишийн гудамжнаас Саппорогийн уулзвар хүртэлх авто зам дагуух ногоон байгууламжийг хариуцаж байгаа бол “Цэцэгт ногоон хөндий”-нхөн Яармагийн гүүрээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 75 мянган ам метр талбайн зүлэг, цэцгийг “асран хамгаалах”-аар болжээ. “Грийт пинус” компани Хан-Уул дүүрэгт хуваарилагдсан бол “Бат-Өндөр хайрхан”-ынхан Баянзүрх, Сүхбаатарыг давхар хариуцах үүрэг хүлээжээ.
“Цэцэгт ногоон хөндий” ХХК-ийн инженер Н.Туяа “Манай байгууллага 2013 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Би 39 дэх жилдээ ойн инженерээр ажиллаж байна. Хувьдаа цэцгийн хүлэмж, мод үржүүлгийн газартай. Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр өмнө нь нийслэлтэй хамтарч ажиллаж байсан туршлагатай. Энэ жилээс Наадамчдын гудамж дахь зүлэг, цэцгийн арчилгааг хариуцан ажиллахаар боллоо. Нийт 4500 ам метр талбайд зүлэг нэмж суулгана. Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг угтаад тус гудамжинд дөрвөн томоохон байгууламж бий болгохоор төлөвлөсөн юм билээ. Бид үүний эргэн тойронд цэцгийн мандал байгуулна” гэсэн бол “Бат-Өндөр хайрхан”-ы Г.Батбаяр “Манайх хоёр дүүрэгт тус бүр гурван газар хариуцаж авсан. Сүхбаатар дүүрэгт Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, “Монгол эх” цогцолбор, Баянзүрхэд “Ахмадын хороолол”, Чулуун овооны тойрог орчмын ногоон байгууламж, “Дүнжингарав”-аас Улиастайн гүүр хүртэлх 6.5 км зам дагуух 3200 улиасыг арчилна. Мөн нүргэс, жодоо, жигд, тэрэлж, дагуур шинэс зэрэг ховор мод тарина. Бидний хүлээж авсан хэсгийн ногоон байгууламж, мод, сөөг 90-ээс дээш хувьтай ургаж байгаа” гэсэн юм. Харин “Талын хүч”-ийн цэцэрлэгчид “Ногоон байгууламж хариуцна гэхээр зөвхөн мод тарихыг хэлдэггүй. Тухайн мод, сөөг, зүлэгт байгууламжаа тогтвортой ургах, өсөх нөхцөлөөр хангаж, технологийн дагуу зөв тордохыг хэлж байгаа юм. Ногоон байгууламжийн арчилгаатай холбоотой 20 гаруй төрлийн ажиллагаа бий. Бид хариуцсан хэсэгтээ арчлах, хамгаалах ажил голдуу хийнэ. Нийт дөрвөн км урттай гудамж дахь 2000-аад бут, сөөг, зүлгийг хариуцна. Эдгээр нь замын голд байрладаг учраас байнга “дайралтад” өртөж, гэмтэж байдаг. Тиймээс тогтмол хянаж, арчлан, хамгаалах нь чухал” гэсэн юм.
Энэ ажлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах болсон нь ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойг албаны хүмүүс хэлсэн. Хотын ногоон байгууламжийг аврах төлөвлөгөөтэйгөөр шинэ “асран хамгаалагч” томилсон гэсэн үг. Одоо тэдний шидийг үзэх л үлдлээ. Нийслэл өмнө нь аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, 4-10 дугаарсар хүртэлх хугацаанд ажил гүйцэтгүүлдэг байсан бол урт хугацааны гэрээ байгуулснаар ногоон байгууламжуудын арчилгаа тордлогоог тогтмол хийлгэхээр болгожээ. Тухайлбал, жилийн бүх үед, өвлийн цагт ч арчилгаа хийх нь. Модны үндсийг цасаар манах, хог, шороог нь цэвэрлэх, гаднын гэмтлээс хамгаалах ажлуудыг гүйцэтгэх юм байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийнхэн эхний ээлжид байгаа мод, бутнуудаа хамгаалах, арчлах чиглэлд түлхүү анхаарах бол цаашдаа хүн ам, газар нутгийн хэмжээтэй нь дүйцүүлэн ногоон байгууламжийг хүртээмжтэй болгох ажлууд хийхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хотын ногоон байгууламжийн дийлэнх хувь нь Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт төвлөрч буй бол Баянзүрх, Сонгинохайрханых хамгийн хүртээмжгүйд тооцогдож байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас дараах зүйлсийг тодрууллаа.
“ХАМГИЙН БАГА НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ НЬ БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ”
-Улаанбаатар хотод ногоон байгууламж маш хангалтгүй, хүртээмжгүй байдаг. Үүнийг хариуцсан мэргэжилтний хувьд та өнөөгийн байдлыг нь хэрхэн дүгнэх вэ?
-Нийслэлийн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах ажил 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үеэс орхигдсон. Барилга, байгууламжийн “хөлд” сүйдсэн нь ч их. Харин 2013 оноос ногоон байгууламжийн арчилгаа тордлогод урсгал зардал хуваарилж эхэлсэн юм. Үүнээс хойш цэцэрлэгжүүлэх, мод, бут тарих ажил эрчимжсэн. Одоогийн ногоон байгууламжийн 60 орчим хувь нь сүүлийн 10 гаруй жилд бий болсон юм шүү дээ. Богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж дүгнэж болно. Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө өмнө нь ямар байсан билээ гээд харьцуулаад харвал ногоон байгууламжийн хэмжээ эрс нэмэгдсэн. Ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн, хязгаарлагдмал болон тусгай хэрэгцээний гэж ангилдаг. Нийтийн эзэмшлийнх бол эзэнтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд холбогдох байгууллагууд үүнд хяналт тавьж, арчлан, хамгаалж байгаа. Харин хязгаарлагдмал хэрэгцээний буюу Улаанбаатар хотын 420 мянган өрх, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, СӨХ-ны, тусгай буюу төмөр замын хамгаалалтын зурвас, оршуулгын газар, цэргийн анги, нэгтгэл зэрэг онцгой объектын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хамгаалах ажил хангалтгүй. Хот бодлогын түвшинд аль алинд нь анхаарч байгаа ч төсөв хязгаартай учраас бүгдийг нь хийж чаддаггүй. Өнөө жил гэхэд хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гэр хороололд 18 бичил цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн. Энэ мэтчилэн боломж бололцоогоороо л ажиллаж байна. Иргэд “Улаанбаатарын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага, хязгаарлагдмал” гэж шүүмжилж, бухимддаг ч өөрсдөө үүнд оролцдоггүй, хувь нэмэр оруулдаггүй.
-Нийслэлийнхэн хотын төв хэсэгтээ л санаа тавиад, алслагдсан дүүрэг, захын гэр хорооллыг “ногооруулахад” төдийлөн анхаардаггүй. Цаашдаа ч ийм байх уу?
-Шилмүүст мод шилжүүлэн суулгах ажлыг жил бүр хийдэг. Үүнийг дандаа захын дүүргүүд рүү чиглүүлж байгаа. Жишээлбэл, 2022 онд Сонгинохайрхан дүүргийн 26 сургууль, цэцэрлэгт 1500 мод шилжүүлэн суулгасан. Энэ жил бичил цэцэрлэгүүд байгуулахаар төлөвлөлөө. Шилжүүлэн суулгах шаардлагатай моднуудыг Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилсан. Энэ хоёр дүүргийг сонгосон нь ногоон байгууламжийн хүртээмжтэй холбоотой. Хамгийн том газар нутагтай, олон хүн амтай боловч нэг иргэнд ногдох байгууламжийн хэмжээ нь маш бага. Тиймээс эдгээр дүүрэг рүү “фокуслаж” байгаа. Захын, алслагдсан гэж ялгаж, санаатайгаар орхигдуулсан зүйл үгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд захын дүүргүүд рүү чиглэсэн олон ажил хийсэн.
-Хотын ногоон байгууламжийг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд, нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулсан. Энэ жилийн гол онцлог нь аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан явдал. Ногоон байгууламжийн ажил улирлын чанартай учраас тухайн чиглэлийн компаниуд боловсон хүчний хомсдолтой, ихэнх нь тогтворгүй үйл ажиллагаатай байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагуудыг дэмжих үүднээс урт хугацааны гэрээ байгуулсан юм. Хоёрдугаарт, цэцэрлэгчдийг чадавхжуулах шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ чиглэлийн сургалтад мэргэжлийн байгууллагынхныг хамруулж буй. Өөрөөр хэлбэл, бид цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн байгууллагуудыг бойжуулахад анхаарч байна.
-Эдгээр аж ахуйн нэгж ажлаа чанартай гүйцэтгэж байгаа, эсэхэд хэрхэн хяналт тавих юм бол?
-Гурван хэлбэрээр хяналт тавина. Нэгдүгээрт, хөндлөнгийн буюу төрийн бус байгууллагаар хянуулна. “Ногоон агула”, “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллагынхан төвийн зургаан дүүргийн ногоон байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянаж байгаа. Захиалагчийн хяналт бас бий. Үүнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс гүйцэтгэнэ. Гэрээнд тусгасны дагуу тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийг үнэлсний үндсэн дээр сар бүрийн санхүүжилтийг нь олгох юм. Түүнчлэн төсвийн хүрээнд тодорхой урсгал зардал гарч буй учраас Захирагчийн ажлын албаны дотоод хяналтын хэлтсээс улирал тутам төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийнэ.