Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тогтоомж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулж, бохирдол үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, газар ашиглах эрхийг нь цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр болсноо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тус газраас тусгай хамгаалалттай бүсэд хийсэн хяналт шалгалтаар 42 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох зөрчил илрүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэн, 120 сая төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулжээ.
Экологид их хэмжээний бохирдол үүсгэсэн, зарим төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан, зориулалтын бус газарт хог хаягдлаа ил задгай орхисон зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна. Мөн кадастрын давхцалтай, гэрчилгээ сунгуулах хүсэлтээ цаг хугацаанд нь гаргаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хамгаалалтын бүсийн ойд хуульд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон 47 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Захиргааны ерөнхий хуулийн дагуу тэдгээрт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 15-ны дотор албан бичгээр хариу тайлбар ирүүлэхийг шаарджээ. Тогтоосон хугацаанд тайлбар, мэдээлэл ирүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг нь цуцлах, хүчингүй болгох арга хэмжээг шууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл