Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалтыг өчигдөр улс даяар 16.00 цагт зохион байгууллаа. Энэхүү үйл явдалд иргэд хэрхэн оролцож байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд очив. Учир нь тус худалдааны төвийн гаднах талбайг түр цугларах цэгээр тогтоосон юм.
Дохио дуугарахаас таван минутын өмнө цуглах газар очтол ямар нэгэн үйл явдал болох шинжгүй, хүн бүр өөрсдийн эрхэлдэг наймаагаа хийгээд завгүй байлаа. Захын гадна жижиглэнгийн бараа зардаг эмэгтэйгээс газар хөдлөлтийн дадлага сургуулилалтын талаар лавлахад “Хэд хоногийн өмнө дүүргээс зарлаж байсан. Одоо хүмүүс гарч ирэх байлгүй” хэмээн үл тоомсорлосон хариулт өгөв. 16.00 цаг болж онцгой байдлын алба хаагчид тус төвийн гадаах талбайд бэлэн байдлаа ханган хүмүүсийг гарч ирэхийг хүлээнэ. Дуут дохио дуугарахыг хүлээн худалдагчид лангууныхаа өмнө гарч зогсжээ. Гэвч дуут дохио дуулдсангүй. Худалдааны төвийн барилгаас гарахад дохио дуугарч буй нь бүдэгхэн сонсогдож байлаа.
Хүмүүс дуут дохионы дуугаар бус, олон хоногийн өмнөөс хэлсэн зарын дагуу л гарч зогссон гэхэд хилсдэхгүй. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны Засаг дарга нь “Энэхүү гамшгаас хамгаалах бэлтгэл, сургуулилалт хамгийн сүүлд 2019 онд болсон. Туркт өнгөрсөн өвөл газар хөдөлсөн нь иргэдэд ихээхэн цочрол өгсөн. Манай улсын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй. Тиймээс иргэдэд хангалттай мэдээлэл олгох зорилготой. Бид дүүргийн хороодоор дамжуулан бүх байр, орц, хашааны гадна зарын хуудас байрлуулсан. Гэвч ирсэн хүмүүсийн тоо үнэхээр хангалтгүй байна” гэв. 16.17 цаг болоход “Бөмбөгөр” худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн багахан хувь нь гарч зогссон байв. Гэр ахуйн бараа борлуулдаг эрэгтэйгээс үйл явдлын талаар асуухад тэрбээр “Газар хөдлөлтийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Газар хөдөлбөл аль болох хана бараадаад хурдхан гарах байх даа” хэмээв. Тус худалдааны төвөөр үйлчлүүлж байсан 15 настай охин “Бага сургуульд байхад нэг удаа газар хөдлөх гэж байна. Номоо толгой дээрээ бариад яваарай гээд гадагш гаргаж байсан. Түүнээс хойш газар хөдлөлтийн талаар ямар нэгэн зүйл сонсоогүй” гэлээ. 16.30 цаг болж “Бөмбөгөр”ийн бужигнасан амьдрал эргээд буцлав. Бөөн сүр дуулиан болж зарласан газар хөдлөлтийн сургуулилалт үр дүнтэй болсон, эсэх нь эргэлзээтэй үлдлээ.
Бэлтгэсэн: Д.Түвшин