Казахстаны Алмата хотод зохион байгуулж буй шатрын блиц, стандарт төрлийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлагад Монголоос зургаан тамирчин оюун ухаанаа сорьж байна. Блиц төрлийн тэмцээнд их мастер цолтнуудаас Т.Мөнхзул есөн өрөг тоглосноос 6.5 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр стандарт төрөлд эхний өрөгт хожил авснаар тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, их мастер С.Билгүүн нар өрсөлдөгчтэйгөө эвийн гэрээ байгуулсан бол Дэлхийн шатрын холбооны мастер Э.Баасансүрэн, Х.Баясгалан нар учраадаа ялагдсан юм. Сонирхуулахад, Швейцар, Унгар, Исланд улсад амжилттай хэрэгжүүлж буй шатрын хөтөлбөрийг орон нутгаас Өмнөговь аймагт анх удаа энэ сарын 5-наас эхлүүлжээ. Тус аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Г.Оргилын санаачилгыг Засаг дарга Р.Сэддорж дэмжиж, элспортоор хичээллэх сонирхолтой ч боломжоор дутагдаж буй100 хүүхдэд сургалтын эрх олгосон байна. Шинэ, залуу авьяастнуудыг нээн, хөгжүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийг хойшид бусад аймагт ч хэрэгжүүлэх аж.