Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний хоёрдугаар лиг” тэмцээн өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-ноос энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилж хаалтаа хийв. Тус лигийн тоглолтод шилдэг шүүгчээр Б.Мөнх-Оргил тодорч, шилдэг хаалгачаар “Хантерс” клубийн Э.Мөнх-Эрдэнэ, хамгаалагчаар тус клубийн Б.Мөнх-Эрдэнэ, хагас хамгаалагчаар “Капитрон”-ы М.Энх-Од, 18 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан мэргэн буучаар “Хантерс” клубийн М.Бямбасүрэн нар тодорлоо. Багуудтай хэдэн сарын турш ширүүхэн өрсөлдөж, 18 тоглолтод хожигдолгүй хошуучилсан “Хантерс” клубийнхэн аваргын цом өргөснөөр 2023-2024 оны “Үндэсний нэгдүгээр лиг”-т тоглох эрхтэй болсон юм.
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Футзалын дээд лиг”-ийн тэмцээнд есөн клубийн тамирчид 18 тойрог өрсөлдөж, 72 тоглолт хийснээс “Унаганууд” клубийн тоглогчид ес дэх удаагаа тэргүүллээ. Тоглолын A ангиллын шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар “Унаганууд”-аас Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан тус клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор “Арвис”-ын О.Есүхэй шалгарчээ.