“Манай байрны ойролцоо, бага зайд хоёр жилийн өмнө нэг өдөр л газар ухаад, барилгын суурь цутгаад эхэлсэн. Автомашин зөрөх зайгүй шахам болгоод л барилга барьж байна. Ойр хавийн оршин суугчид эхэндээ дургүйцэн, ажлыг нь зогсоохоор оролдсон ч үр дүнд хүрэлгүй, ингээд хоёр жил дулааны улиралд өдөр, шөнөгүй дуу чимээ гарган, ажилласаар. Ямар зориулалттай барилга, хэзээ ашиглалтад оруулах юм бүү мэд, мэдээлэл ч байхгүй” хэмээн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь, Ахмадын хотхоны хажууд байрлалтай орон сууцын оршин суугч ярив. Тэнд орон сууцууд дунд шахцалдуулан, одоогоор 3-4 давхар барилга барьж буй бөгөөд хар сааралдуу өнгөтэй үзэмж муутай, хоёр метр хүрэхгүй өндөртэй, нимгэн төмрөөр хашиж, хашаан дээрээ ямар ч мэдээлэл тавиагүй байлаа. Энэ нь Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага MNS 5414:2014 үндэсний стандартын зарим зүйл заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Тодруулбал, уг стандартад барьж буй барилгыг тойруулж бат бөх суурьтай, гурван метрээс багагүй өндөр, цагаан, эсвэл саарал өнгөтэй хашаа татна гэжээ. Мөн хашаан дээр нь барилгын мэдээлэл буюу (хэдэн жилийн өмнө барилгын пасспорт гэж нэрлэж байсан) захиалагч, гүйцэтгэгчийн нэр, ямар зориулалтын барилга, хэзээ ашиглалтад оруулах хугацаа зэргийг иргэдэд ил харагдахуйц бичих ёстой. Энэ нь тухайн орчинд ямар хэлбэр хийцтэй барилгыг, хэзээ ашиглалтад оруулах, асуудал гарсан үед захиалагч болон гүйцэтгэгчийг шуурхай олох зэрэг ач холбогдолтой аж. Бас аюулгүй байдлын санамж бүхий самбарыг хашааны гадна байрлуулах учиртай юм. Тэгвэл наад захын эл шаардлагыг хангаж буй барилга нийслэлд цөөн байна гэхэд хилсдэхгүй. Дээр дурдсанаас гадна Сүхбаатар дүүрэг 10-11 дүгээр хороо, 32-ын тойрог орчимд айлуудын хашаа, орон сууцын дунд, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн ойролцоо барьж буй барилгууд гадуураа стандартын шаардлага хангасан хашаагүй, барилгын мэдээлэл, аюулгүй байдлын санамж бүхий самбаргүй байна.
Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт цөөнгүй барилга барьж, өдөр, шөнөгүй дуу чимээ гаргаж буй талаар иргэд гомдол мэдүүлж буй билээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талаас эхлүүлэн Жуковын музей хүртэлх зайд, хороолол дунд 10-аас дээш давхар, тагт гаргасныг нь харвал орон сууц гэмээр барилга цөөнгүй босгож байна. Барилга барих үеийн стандартын шаардлага хангаагүй, ямар ч мэдээлэл байршуулаагүй 12 давхар нэгэн барилгын ажилчдаас ямар зориулалттай байшин барьж байгааг нь тодрууллаа. Тэд“Даамал эзгүй байгаагаас мэдээлэл өгөх боломж алга. Бид орон сууц барьж байна” гэв. Барилгын мэдээллээ хашаан дээрээ яагаад байрлуулаагүйг асуухад “Би мэдэхгүй”, ямар компани ажил гүйцэтгэж буйг нь сонирхоход “Даамлаас асуу” гээд халгаасангүй. Харин тус барилгын ойролцоох “Гэрэлт” хүнсний дэлгүүрийн худалдагч “Манай энэ хавьд хааш хаашаа 500 метр зайд орон сууцын гурван ч барилга барьж байна. Том оврын автомашинууд ачаа бараа зөөдгөөс хөрс сулран, маш их шороо босдог. Хэзээ энэ барилгуудыг ашиглалтад оруулахыг мэдэхгүй. Борлуулалтын албаны дугаарыг л барилгын хашаанд өлгөдгөөс өөр мэдээлэл байдаггүй. Барилга барих үеийн стандарт гэж юу болох, ойр хавийн оршин суугчид юу шаардах ёстойг бид мэдэхгүй, барилгын компаниуд ч мэддэггүй бололтой” гэсэн юм.
Баянгол дүүргийн нутагт, бидний нэрлэж заншснаар 25 дугаар эмийн сангийн уулзвараас Баруун дөрвөн зам явах төв замын хойд талд 15-16 давхар барилга барьж байна. Гадуурх хашаа нь гурав орчим метр өндөр, саарал өнгөтэй нь олзуурхууштай ч барилгын мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж бүхий самбар бас алга.
Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага MNS 5414:2014 үндэсний стандартыг хангуулахад аль байгууллага анхаарч, хянадаг юм бол. Ядаж л барилгын “пасспорт”-оо гаднаа байршуулсан компани хэд, байрлуулаагүй нь хэд байгааг цөөнгүй албан газраас тодрууллаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамныхнаас лавлахад “Бид мэдэхгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын төвийнхний мэдэх, хянах асуудал” гэв. Тэгвэл Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын төвийн нэгэн мэргэжилтэн “Бид барилга, зам барих үеийн аюулгүй ажиллагааг л хянаж ажилладаг. Түүнээс барилгын захиалагч, гүйцэтгэгч, зориулалт, ажил эхлэх, дуусах хугацааг мэдэхгүй. Барилгын хөгжлийн төвийнхөн (БХТ) мэднэ” гэсэн юм. Харин тус төвөөс “БХТ нь барилга, байгууламжийн зураг төслийг баталдаг. Гэхдээ баталсан зураг төсөл хэзээ ажил хэрэг болж, барилга барьж эхлэхийг мэдэхгүй. Хэдэн жилийн дараа ч барьж болно гэсэн үг. Түүнчлэн барилга барих үеийн стандартыг хянаж ажилладаггүйг ойлгох хэрэгтэй.
Юутай ч энэ оны эхнээс зургадугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 800 барилга, зам, гүүр болон бүтээн байгуулалтын ажлын зураг, төслийг баталсан. Үүнд иргэний, үйлдвэрлэлийн барилга, сургууль, цэцэрлэг зэрэг багтаж буй” хэмээв. Нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх асуудлыг тодруулах нь зөв гэдгийг дурдлаа. Тэгвэл Хот байгуулалт, хөгжлийн газраас “МХЕГ-ын чиг үүргийг Хотын стандарт, хяналтын газрынхан хариуцан ажиллаж буй тултэд мэднэ” хэмээн бас л өөрсдөөсөө зайлуулав. Харин Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Баригдаж буй бүх барилга мэдээллээ ил тод байршуулах учиртай. Энэ талаар зураг, төслийг нь батлах үед хэлж, сануулдаг. Гэхдээ үүний биелэлтийн талаарх мэдээлэл одоогоор бидэнд алга. Манай чиг үүргийн ажил ч биш юм” гэснээр Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага MNS 5414:2014 үндэсний стандартын зарим биелэлтийг аль байгууллага хянадаг, өдгөө нөхцөл байдал ямар байгааг тодруулах гэсэн асуултын хариулт олдсонгүй.
Улаанбаатарыг ширэнгэн ой болтол барилга барьсан ч ахиад л энд тэнд, өчүүхэн жижиг зайд ч барилгын ажил аль хэзээний л оволзож байдагт бид дасжээ. Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аван, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч наад захын шаардлага гэж болох “пасспорт”-гүй барилга нийслэлийн төв цэгээс хаашаа хаашаа таван км дотор гэхэд тун олон юм. Мэдээллээ байршуулсан, хашааныхаа стандарыг хангасан барилгын компани хайснаас хийгээгүйг нь эрвэл илүү хялбар аж.