Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км авто зам тавих, долоон байршилд авто зогсоол байгуулах ажил үргэлжилж буй. Тэгвэл тус бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим чиглэлд зам хэсэгчлэн хаахаар болсныг төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдлээ. Хатгалын төвөөс Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5.5 км замын ажлын хүрээнд “Их тайга” жуулчны баазаас “Ашихай” амралтын газар хүртэлх хэсэг (гурван км)-ийг энэ сарын 20-ноос ирэх сарын 1 хүртэл хаах гэнэ. Харин Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км зам барих ажлын хүрээнд Тойлогтын нуураас “Хун одод” жуулчны бааз хүртэлх 11 км-ийг ирэх сарын 25-наас 30 хоног хаах юм байна. Иймд жуулчны бааз, амралтын газар, аяллын агентлаг, тур операторуудыг аяллаа зөв төлөвлөхийг анхааруулав.