Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт хур тунадас орсон байна. Долоо хоногийн нийлбэр дүнгээр Булган аймгийн Орхон сумд 72.2, өдрийн дунджаар Гурванбулагт 54 мм хур тунадас орсон нь хамгийн их үзүүлэлтэд тооцогдож буй аж. Борооны улмаас томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг ЦУОШГ-аас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ мөрний адаг болон Хангайн нурууны араас эхтэй урд Тамир, өврийн Богд, Буянт, Идэр, Завхан, Алтайн нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч, Согоог, Харбут, Увс нуурын савын Баруунтуруун, Хархираа, Намир, Түргэн, Хангилцаг зэрэг голын ус үерийн түвшнийг 5-15, Хариг гол аюултай түвшнийг таван см-ээр давжээ.
Амралт, зугаалгын ид үе тохиож буй учир орон нутагт зорчигчдыг сонор сэрэмжтэй байхыг цаг уурчид сануулав. Ялангуяа сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. 2022 оны зун зөвхөн нийслэлд усны ослоор 3-15 насны найман хүүхэд нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт нэг хүүхэд усанд эндсэн байна. Түүнчлэн дээрх гол, мөрний сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчдыг үерийн эрсдэлээс сэрэмжлүүллээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл