Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан тусгай хамгаалалттай газрууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ базааж, хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулж байна. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Увс аймгийн БОАЖГ, Завхан сумын ЗДТГ-тай хамтран Хяргас нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаатай танилцжээ. Увс аймгийг зорих гадаад, дотоодын аялагчдын 90 орчим хувь нь тус нуурт очдог учраас жуулчлалын гол бүсэд тооцогддог аж. Тиймээс хамгийн эхэнд Хяргас орчмыг шалгажээ. Жуулчдын тав тухыг хангах зорилгоор 2020, 2021 онд тус бүсэд найман отоглох цэг байгуулсан гэнэ. Шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулиар үүнийг хамгаалалтын захиргаад хариуцах болсон тул байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд энэ үеэр бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, хүлээн авчээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл