Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт бүсэд өнөөдрөөс эхлэн энэ сарын 12 хүртэл ойн хөнөөлт шавж устгахаар болсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээлэв. Хортон шавжийн голомтыг хязгаарлах, устгалд ашиглахаар сонгосон бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан, биологийн бусад төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, сонгомол үйлчилгээтэй бодис гэнэ. Гэвч иргэдийг онцын шаардлагагүй бол тухайн хугацаанд нийслэлийн ногоон бүсэд зорчихгүй байхыг тус газраас сэрэмжлүүллээ. Химийн бодис цацсан ойгоос ойн дагалт баялаг түүж, ашиглахгүй байхыг анхааруулав.
БОАЖЯ, “Рио тинто Монгол” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлж, хортон шавж устгалыг өргөн хүрээнд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл авиамикробиологийн арга (онгоцоор хор цацах)-аар хийх тэмцлийн ажлыг нийслэлийн ногоон бүсэд дээрх газруудаас эхлүүлэх нь.