НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар 1972 оноос жил бүрийн зургадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарласан билээ. Үүний хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах тухай дэлхий дахинд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулдаг. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалаад зогсохгүй энэ өдрөөр дамжуулан тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, түүнийг хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулсаар ирсэн. Тэгвэл өчигдөр “Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл” уриан дор эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ.
“Манай улс жилд 3.4 сая тонн хог хаягдал үүсгэж байгаагийн 10-15 хувийг нь хуванцар хаягдал эзэлдэг. Нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний 10-т орж байна. Тиймээс энэ нь бидний шийдвэрлэх ёстой томоохон сорилт, асуудлуудын нэг” хэмээн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Болдням онцлов. Тус төвөөс зохион байгуулсан өдөрлөгийн үеэр салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаасаа танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, экологич Г.Довчиндоржийн “Зэрлэг амьтдын нууцлаг ертөнц” цувралын “Их цөлийн нууцлаг ангууч, Ойн нууцлаг унтаахай” номын нээлт болсон юм.