Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр хуулиар бүх нийтийн амралтын өдөр байдаг ч, ням гараг таарав. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн “Энэрэл хайр түгээе” уриан дор хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан юм. Хүндэтгэлийн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайгаас эхлүүлэн төв замаар үргэлжлүүлж, Гандантэгчэнлин хийд рүү чиглүүлэн зохион байгуулсан. Үүнд иргэд нэгдэн, оролцож байв.
Тус хийдэд Бурхан багшийн чого хурж, Батцагаан дуганд Бурхан багшийн айлдвар сургаалын цоморлог болсон Ганжуурын эш лүнг хүртээх номыг Догдон хэмээх ринбүүчий айлдлаа. Уг айлдвар олон хоног үргэлжлэх юм байна. Энэ өдөр Наро банчин гэгээнтэн сургаал хэлж, нийтийн бясалгал удирдсан. Тэрбээр “Бурхан багшийн сургаалыг энгийнээр тайлбарлах нь өгөөжтэй. Яавал амар амгалан аж төрөх тухайд “Өөрийнхөө сэтгэлийг өөрөө л амгалан болгоно. Сайхан сэтгэлийг дадуулж болдог. Үүнд суралцдаг. Нисванис буюу буруу сэтгэл, аминч үзэл, шунал, мунхгаас үүдэлтэй. Аливаа харилцаа, хамаарал шүтэн барилдлагатай тул бусдад жаргал хүсэхэд өөрт сайн сайхан ирдэг. Тиймээс сайн үйл бүтээж, сайныг дуудаж, сайхан сэтгэлийг өөртөө дадуулах нь амар амгалангийн үндэс юм” хэмээгээд хурсан олонтой хамтдаа бясалгаж байв. Бурхан багшийн их дүйчин өдрийн үйл ажиллагааг “Гандан” телевизээр шууд сурвалжлан хүргэсэн тул хоцорсон хүмүүс нөхөж үзэх боломжтой.
Бурхан багшийн их дүйчин гэдэг нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр юм.